Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитцийг албан үүргээ дуусган бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан энэ сарын 26-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад 2024 онд төрийн айлчлал хийж, айлчлалын дүнд Монгол, Германы харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэснийг дурдаад, хоёр улсын хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт өргөжиж буйг тэмдэглэлээ.
Мөн Элчин сайд Хэльмут Кулитцийг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд идэвх зүтгэл гарган, үнэтэй хувь нэмрээ оруулж ажилласныг онцолж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г гардууллаа гэж ГХЯ-наас мэдээллээ.