Nvidia Хятадын зах зээлд байр сууриа алдаж эхэлжээ

БЭЭЖИН, 2026 оны зургаадугаар сарын 30 /Kazinform/. АНУ-ын экспортын хязгаарлалт болон Хятадын дотоодын үйлдвэрлэгч “Huawei” компанийн байр суурь бэхжсэний улмаас “Nvidia” компанийн хиймэл оюуны чипний (AI) Хятад дахь борлуулалт мэдэгдэхүйц буурсан тухай “ABC News” сувгаар мэдээлжээ.

АНУ-ын засаг захиргаа “Nvidia”-гийн дэвшилтэт чипний нийлүүлэлтийг хязгаарлаж байх хооронд Хятад дотоодын технологийг эрчимтэй хөгжүүлжээ. Үүний үр дүнд “Huawei” компани Хятадын зах зээлд эзлэх хувиараа “Nvidia”-тай үндсэндээ эн зэрэгцэж ирсэн бөгөөд цаашид тус компанийн тэргүүлэх байр суурь улам бэхжинэ гэж шинжээчид таамаглаж байна.

Хөрөнгийн зах зээлийн судалгаа, брокерын үйл ажиллагаа явуулдаг олон улсын “Bernstein” компанийн тайланд дурдсанаар, 2025 онд “Nvidia” Хятадын хиймэл оюуны чипний зах зээлд 40 орчим хувийг эзэлсэн нь “Huawei”-гийн хувь хэмжээтэй дүйцэж байв. Харин энэ онд “Nvidia”-гийн зах зээлд эзлэх хувь 8 орчим болж буурах бол “Huawei”-гийнх 50 орчим хувиар өснө гэж тус компанийн шинжээчид таамаглаж байна. 

Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, зарим үзүүлэлтээр “Huawei” компанийн арилжааны зориулалттай хамгийн дэвшилтэт “Ascend 950” цувралын AI чипүүд “Nvidia”-гийн хамгийн хүчин чадалтай бүтээгдэхүүнүүдийн нэг болох “H200” чиптэй эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн байна.

“OpenAI” компанийн “ChatGPT”, “Anthropic” компанийн “Claude”-той өрсөлдөж, хурдацтай хөгжиж буй Хятадын “DeepSeek” компани дөрөвдүгээр сард гаргасан хамгийн сүүлийн үеийн “V4” хиймэл оюуны загвараа “Huawei”-гийн дэвшилтэт “Ascend” чипэнд нийцүүлэн тохируулсан гэж мэдэгджээ. 

“Morningstar” компанийн шинжээч Феликс Ли Хятадад үйлдвэрлэсэн чипүүд ирээдүйд “Nvidia”-гийн чипүүдийг бүрэн орлох боломжтой гэж үзэж байна.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Nvidia” компанид тооцоолон бодох хүчин чадлыг нь бууруулсан хиймэл оюуны “H20” чипийг Хятадад худалдахыг зөвшөөрсөн тухай мэдээлж байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн