“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв

Дашчойлин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан “Майдар бурхны авшиг” аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр/2026.2.12/ амжилттай болж өндөрлөлөө. Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 014 анги, “Юү Эл И” ХХК, Бор-Өндөрийн УБҮ, “Эбэг” ХХК, “Хан хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв.

Тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ барилдаанд ач холбогдол өгч, түрүүлэх зорилготой барилдлаа. Өмнөх жилүүдэд дээшээ даваанд барилдаж байгаагүй. Бөхийн өргөөний цуврал зургаан барилдаанд Хэнтий аймгаас түрүү авч чадаагүй байсан. Аймаг орон нутгийнхаа нэрийг гаргаж, амжилтаа ахиулж чадсандаа баяртай байна. Ирж буй гал морин жилдээ бөх сонирхогч Монголын ард түмэн төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

Үзүүрт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар шалгарсан байна. Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дарьганга гоёл” ХХК, “Легал Полиц” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр, мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Баатарван транс” ХХК, “Тэлмэн ресурс” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Баянсүх нар шалгарлаа. Харин дунд шөвөгт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Г.Төрмөнх, аймгийн арслан Б.Цагаанбанди, Б.Бат-Эрдэнэ нар үлдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн