Даншиг наадмын дөрвийн даваа өнөөдөр 15:00 цагаас эхэлнэ

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” Хүй долоон худагт хоёр дахь өдрөө дэлгэр сайхан үргэлжилж байна. Наадамчин олны хүсэн хүлээдэг хүчит бөхийн барилдаанд энэ жил улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой алдар цуутай 256 бөх зодоглож, уран мэх, бяр чадлаа сорин өрсөлдөж байгаа юм.

Наадмын эхний өдөр бөхийн барилдааны нэгээс гурвын даваа амжилттай явагдаж өндөрлөсөн бол өнөөдөр 15:00 цагаас хүчит бөхчүүд дөрвийн даваандаа гарна.

Энэ жилийн хувьд Даншиг наадмын бай шагнал өндөр тавигдсан бөгөөд олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, хүчит бөхийн барилдаанд босоо үлдэж, түрүү хүртсэн бөх 30 сая төгрөгийн шагнал гардах бол үзүүрлэсэн бөх 20 сая төгрөгийн бай шагнал хүртэх юм. Мөн их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 14 сая төгрөг, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн шагнал авна. Наадмын үйл ажиллагаа Хүй долоон худагт ёслол төгөлдөр үргэлжилсээр байна. Мөн Монголын Үндэсний Бөхийн Холбооноос барилдах бөхчүүдийг цагийн өмнө ирж, бэлэн байдлаа бүрэн хангахыг уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн