Вьетнамын засгийн газрын 219 дугаар тогтоолд ус цаг уурын мэдээтэй холбоотой зөрчилд оногдуулах шийтгэлийг зааж өгчээ. Энэхүү тогтоолд хэвлэл мэдээлэл, телевизэд хамаарах хэд хэдэн журмыг тусгасан байна.
Наймдугаар сарын 8-наас хэрэгжиж эхлэх журмын дагуу тодорхой эх сурвалжаа дурдалгүйгээр цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэг нэвтрүүлсэн тохиолдолд 3-5 сая вьетнам донг буюу 114-190 ам.доллараар торгуулна. Харин огт эх сурвалжгүйгээр цаг агаарын мэдээ дамжуулбал 5–10 сая вьетнам донг буюу 190–380 ам.долларын торгууль ногдуулна. Албан ёсны цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг дамжуулахдаа зарим хэсгийг нь орхигдуулсан бол 10–20 сая вьетнам донг буюу 380–760 ам.долларын торгуультай. Мөн албан ёсны цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг хуульд заасан хугацаанаас хоцорч олон нийтэд хүргэсэн бол 20–30 сая вьетнам донг буюу 760–1140 ам.долларын торгууль ногдуулна.
Харин хамгийн өндөр буюу 30–40 сая вьетнам донгийн (1140–1520 ам.доллар) торгуулийг дараах тохиолдлуудад ногдуулна.
- Албан ёсны цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг огт дамжуулаагүй.
- Цаг агаарын мэдээний эх сурвалжийг хуурамчаар үйлдсэн.
- Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг буруу эсвэл гуйвуулж дамжуулсан.
- Цаг уурын газрын урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааны талаар худал мэдээлэл нийтэлсэн.