БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Шэнь Миньжуань
105 жилийн өмнө буюу 1921 оны долдугаар сард, Жэжянь мужийн Жяшинь хотын Наньху нуур дээрх нэгэн завин дээр нэг хурал ширүүхэн өрнөж байв. Халуун хэлэлцүүлгийн үр дүнд, хуралд оролцсон төлөөлөгчид түүхэн эргэлтийн ач холбогдолтой хоёр баримт бичиг болох «Хятадын Коммунист Намын анхны мөрийн хөтөлбөр», «Хятадын Коммунист Намын анхны тогтоол»-ыг санал нэгтэйгээр баталснаар Хятадын Коммунист Нам үүсжээ.
2017 оны аравдугаар сард, Намын XIX их хурал өндөрлөснөөс ердөө нэг долоо хоногийн дараа, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг удирдан Наньху нуурт хүрч, энэхүү “улаан завь”-д хүндэтгэл үзүүлсэн юм. “Эхлэл нь энгийн даруу боловч, эцэстээ агуу том байх нь гарцаагүй”. Үндэсний тусгаар тогтнол, ард түмний чөлөөлөлт, улсын хөгжил цэцэглэлтийг манлайлан хэрэгжүүлсэн намын зуун дамнасан их аян чухам эндээс далбаагаа өргөн эхэлсэн билээ.
1938 оны гуравдугаар сард, Жяшинь хотын Үжэнь суурингийн гадна Японы эсрэг партизаны анги отолт зохион байгуулж, Японы армийн долоон моторт завь өнгөрөх үеэр гэнэтийн дайралт хийж, 100 гаруй япон цэргийг дарж авав. ХКН-ын Жэжянь мужийн түр хорооны тусламжтайгаар тус анги өргөн уудам партизаны байлдааны бүсийг нээж, эх оронч олон зүтгэлтнийг Японы түрэмгийллийн эсрэг дайнд нэгдэхэд дайчлан оролцуулж, Жэжяний хойд нутаг дахь байлдааны тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан юм. Үндэстэн мөхлийн аюултай тулгарсан тэрхүү цаг үед, Нам зэвсэгт эсэргүүцлийн тугийг хамгийн түрүүнд өндөрт өргөн, бүхнийг хамарсан эсэргүүцлийн дайны зөв чиг шугамыг тууштай баримталж, ард түмнээ удирдан Японы түрэмгийллийн эсрэг дайны агуу ялалтад хүргэсэн юм.
1955 оны гуравдугаар сард, Жяшинь хотын Шиньцан үйлдвэрлэлийн хоршоонд хангамж, борлуулалтын хоршооны туршилтын ажлын хэсэг нэгэн “жин дарахуйц” гэрээг авчирчээ. Энэхүү гэрээтэй болсноор үйлдвэрлэл зорилготой болж, борлуулалтын суваг баталгаажиж, үйлдвэрлэлийн үр ашиг үлэмж дээшлэв. Мао Зэдун дарга үүнийг өндрөөр үнэлж, “өргөнөөр хэрэгжүүлэх ёстой” хэмээн заавар өгсөнөөр “Шиньцаны туршлага” улс орон даяар түгэн дэлгэрчээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Нам ард түмнээ удирдан социалист өөрчлөн байгуулалт болон бүтээн байгуулалтыг бүтээлчээр хэрэгжүүлж, Хятадын хожмын бүхий л хөгжил дэвшлийн бат бөх суурийг тавьсан юм.
1981 оны зургадугаар сард, Жяшинь хотын Хайянь цамцны үйлдвэрийн захирал Бү Шиншэнь нэгэн чухал ажлыг зарласан нь, улсын өмчит үйлдвэрийн “ижил хуваарилалтын тогтолцоо” хэрэгжихээ больж, үйлдвэрлэсэн цамцны хэмжээгээр цалин авах бөгөөд чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл хохирлыг нөхөн төлөхөөр болсон байна. Тус арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээр ажилчдын үйлдвэрлэлийн идэвх санаачилга урьд өмнө байгаагүйгээр өсөж, дампуурахын ирмэгт хүрээд байсан цамцны үйлдвэрийн ашиг хоёрхон жилийн дотор 100 гаруй дахин нэмэгджээ. Намын Төв Хороо энэхүү туршлагыг “эмчилгээний сайн жор” хэмээн үнэлж, улмаар улс даяарх аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлт шинэчлэлийн хөшгийг нээжээ. Дээд түвшний төлөвлөлт болон “чулуу тэмтэрч гол гатлах” арга барилыг хослуулснаар Нам ард түмнээ удирдан Хятадын онцлогтой социализмын замыг нээж, Хятад улс цаг үеэ гүйцэн, түргэн хөгжих боломжийг бүрдүүлсэн юм.
2004 оны гуравдугаар сард, Жяшинь хотын 101 дүгээр орон нутгийн нийтийн автобусанд тухайн үеийн Жэжянь мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ши Жиньпин хамт зорчиж явсан иргэдээс орон нутгийн зорчигч тээврийн нэгдсэн тогтолцооны талаарх саналыг нь халуун дотноор асууж явжээ. Үүний дараа, Ши Жиньпин дарга “Арван сая бүтээн байгуулалт” болон “Найман найм стратеги” хэмээх хоёр томоохон бодлого, арга хэмжээний төлөвлөлтийг дараалан дэвшүүлж, Жэжянь мужийн хөгжил, тэр дундаа хот, хөдөөг уялдуулан хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлсон бөгөөд Жяшинь хотыг “хот, хөдөөгийн нэгдсэн хөгжлийн тэргүүлэх бүс нутаг” болгожээ. Өдгөө Жяшинь хотын хот, хөдөөгийн оршин суугчдын орлогын зөрүүний харьцаа 1.48 болон буурч, муждаа тэргүүлж байна. Нам нь ард түмний төлөө гэх зарчмыг тууштай баримталж, ард түмнээ удирдан чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, үнэмлэхүй ядуурлыг бүрэн арилгаж, хамтын баян чинээлэг байдалд хүрэх зорилгын төлөө тасралтгүй урагшилж байна.
2025 оны наймдугаар сард, Жяшинь хот дахь Жэжянь–Цинхуа Их Сургуулийн Хөх мөрний бэлчир бүсийн судалгааны хүрээлэнд академич Жян Кайчуний баг нэгэн бичил турбин хөдөлгүүрийг эрчимтэй судлан хөгжүүлж байсан нь, 200 кг ачаа тээсэн дрон 30 гаруй цаг тасралтгүй нисэх боломжтой болж, хүмүүсийн аж, амьдралд илүү үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болов. Энэ бол Жяшинь хот инновацад тулгуурлан хөгжиж буйг харуулсан тод жишээ төдийгүй, Хятадын өндөр чанартай хөгжлийн үнэн бодит тусгал юм. Нам бүхий л хугацаанд, цаг үетэйгээ хөл нийлүүлэн урагшилж, зөв зарчимд суурилсан шинэчлэлийг хэрэгжүүлж, ард түмнээ удирдан Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийн шинэ замыг нээж, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бүтээсэн юм.
Энэ сарын эхээр 20 орны дипломатчид, худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнесийн холбоодын төлөөлөгчид Жяшинь хотод цугларч, Шянфудаң шинжлэх ухаан, технологийн инновацын ногоон бүрдээр зочлон экологид ээлтэй, цогц хөгжилтэй танилцаж, Жэжяны Их Сургуулийн Ухаалаг Ногоон Бүрд Инновацын Төвд очиж “үйлдвэрлэл–их сургууль–судалгаа”-ны хамтын ажиллагааны шинэ загварыг судалж, нээлттэй гадаад харилцааны үйлчилгээний төвөөр зочлон “нэг цэгийн үйлчилгээ”-ний тав тухыг мэдэрлээ. Мөн саяхан, Жяшинь Наньху нисэх буудал ашиглалтад орж, олон улсын ачаа тээврийн хоёр чиглэлийг дараалан нээснээр Хөх мөрний бэлчир бүсийн олон улсын ачаа тээврийн сүлжээг улам боловсронгуй болголоо. Энэ нь Жяшинь хот “Бүс ба Зам” хамтын бүтээн байгуулалтын санаачилгад идэвхтэй хувь нэмэр оруулж буй бодит арга хэмжээ төдийгүй, Хятад улс өндөр түвшний нээлттэй гадаад байдлаа тасралтгүй өргөжүүлж буйн нэгэн тод илэрхийлэл юм.
“Ганцаараа явбал хурдан хүрнэ, хамтдаа явбал хол хүрнэ”. Жяшиний Наньху нуураас аяллаа эхэлсэн тэрхүү жижигхэн улаан завь хэдийнээ Хятадыг чиглүүлэгч сүрлэг хөлөг онгоц болж, хөгжлийн их урсгал дунд бүх талуудтай мөр зэрэгцэн урагшилж, гар гараа атгалцан алсын аянд хамтдаа хөдөлж, хүн төрөлхтний нийгмийн улам гэрэлтэй, илүү сайхан ирээдүй рүү хамтдаа аялсаар байна.