Дэлхийн улс орнуудын Африкт хандах хандлага сүүлийн үед огцом гутранги болж, тусламжийн хөтөлбөрүүдээ танаж, хөрөнгө оруулалтуудаасаа татгалзах болов. Гэвч үүнтэй эсрэгцэх хөдлөшгүй баримт бол Африк тив хүн ам зүйн хувьд үл тоомсорлохын аргагүй, зайлшгүй анхаарч үзэх ёстой бүс нутаг болоод байна.
Африкийн хүн ам одоогоор 1.6 тэрбум байгаа бөгөөд 2061 он гэхэд хоёр дахин өсөх төлөвтэй байна. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын мэдээлснээр, Африкийн хүн ам 2050 он гэхэд 2.5 тэрбумд хүрэхээр байгаа юм. Ингэснээр тус тив дэлхийн хамгийн хурдтай өсч буй бүс нутаг болно. Жо Стэдвелл “How Africa Works” номдоо “Африк тив өргөн хүрээтэй өсөлтийг тэтгэхэд шаардлагатай хүн амын нягтралд дөнгөж одоо л хүрч байж магадгүй” гэж бичсэн байдаг.
Тэгвэл хүн амын нягтрал гэж юу вэ? Үүнийг удирдаж зохицуулах ёстой дарамт бус, эдийн засгийн өсөлтийн суурь нөхцөл, илүү том хөдөлмөрийн нөөц, аж үйлдвэрийн хөгжлийн суурь болдог хөдөө аж ахуйн өөрчлөлтийн үндэс гэж үздэг.
Африкийн хүн амын өсөлтийг олон жилийн турш тээг саад мэт үзсээр иржээ. Харин яг одоо Африкт тулгамдаж буй асуудал бол тэнд олон хүн байгаа эсэх биш, харин тэднийг хангалттай хурдан, бүтээмжтэйгээр зохион байгуулж чадах уу гэдэг юм.
ТООНД СУУРИЛСАН ЗАХ ЗЭЭЛ
Африкийн хөдөлмөрийн насны хүн ам 2040 он гэхэд Энэтхэг, Хятадын нийлбэрээс давна гэж Африкийн хөгжлийн банк болон НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс таамаглаж байна.
Найроби, Лагос, Аккра, Дар-эс-Салам зэрэг хот захиргааны төв байхаа больж, хэрэглээ төвлөрсөн томоохон зах зээл, хөдөлмөрийн зах зээлийн зангилаа төвүүд болон хувирч байна. Дэлхийн банкны тооцоолсноор, африкчуудын ойролцоогоор 44 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд энэ хувь 2050 он гэхэд 60 хувиас давах төлөвтэй байгаа юм. Энэ шилжилт ихэнх засгийн газруудын төлөвлөж, санхүүжүүлж чадахаас хавьгүй хурдтай өрнөж байна.
Зүүн Азийн аж үйлдвэрийн өсөлт нь газрын харилцааны шинэчлэл, экспортод чиглэсэн үйлдвэрлэл, хувийн хэвшлээс үр дүн нэхдэг төрийн бодлоготой салшгүй холбоотой.
Африкт хүн амын өсөлт байгаа ч үүнийг тогтворжуулах механизм хараахан бүрдээгүй байгаа юм. Үүнд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Хамгийн том бэрхшээлүүдийг дурдвал, олон улсын болон хотын захиргааны байгууллагууд хүн амын өсөлтөөс урьтаж хөдөлж, төлөвлөж чаддаггүй, газар, дэд бүтцийн асуудлаа шийдэж чаддаггүй, албан бус секторыг олон хүний амьжиргааг авч явж байгаа эдийн засгийн бодит хэсэг гэж харж чаддаггүй.
Африкийн хүн амын бараг тал хувь нь сүүлийн 10 жилийн хугацаанд засаглал нь доройтсон улсуудад амьдарч байгааг Африкийн засаглалын Ибрахим индексийн 2024 оны тайланд дурджээ. Тэгэхээр тодорхой бодлого, механизм үгүй бол хүн амын нягтрал өсөлтийг бий болгохгүй, эсрэгээрээ дарамт бий болгоно.
ХӨГЖИЛ ХӨДӨӨ НУТГААС
Жо Стэдвеллийн хэлснээр хөгжил хөдөө нутгаас эхэлнэ. Япон, Өмнөд Солонгос, Тайвань гээд амжилттай аж үйлдвэржсэн бүх улс газрын шинэчлэл, хөдөө аж ахуйн өөрчлөлтөөс гараагаа эхэлсэн. Гэвч Сахарын цөлөөс өмнөх Африкт хөдөө аж ахуйн бүтээмж бага хэвээр байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр, үр тарианы ургац нэг га талбайгаас дунджаар 1.5-2 тонн байдаг бол Өмнөд Азид энэ үзүүлэлт дөрвөн тонн давдаг.
Африкийн зарим улс үүн дээр ажиллаж, шинэчлэлийг зорьж байна. Тухайлбал, Этиоп, Руанда улсууд төрийн тогтвортой бодлого, анхаарал юунд хүрч болдогийг харуулсан билээ.
Гэвч тивийн ихэнх хэсэгт хөдөө аж ахуйн салбар улс төрийн дараа хоёрдугаарт тавигдсаар байна.
Худалдааны интеграц энэ шилжилтийг нөхөх ёстой. Африкийн холбооноос байгуулсан Африкийн эх газрын чөлөөт худалдааны бүс нь 3.4 их наяд ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй, 1.4 тэрбум хүнийг хамарсан нэгдсэн зах зээл бий болгох зорилготой. Гэвч хэрэгжилт жигд бус, улс орнуудын өөр өөр тэргүүлэх чиглэлүүдээс шалтгаалан удаашралтай байна. Энэ нь богино хугацааны улс төрийн ашиг сонирхолтой холбоотой.
ПАЗЗЛЫН СҮҮЛИЙН ХЭСЭГ
Хотжилт, хөдөө аж ахуйн шинэчлэл бол зөвхөн эхлэл. Хамгийн чухал нь хөдөлмөр их шаарддаг, экспортод чиглэсэн үйлдвэрлэл юм. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын мэдээлснээр, үйлдвэрлэл нь Сахарын цөлөөс өмнөх Африкийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10-12 хувийг эзэлдэг. Энэ нь мэдээж аж үйлдвэржсэн эдийн засгуудаас мэдэгдэхүйц доогуур үзүүлэлт юм. Аль ч улс энэ үе шатыг алгасч байгаагүй.
Африкт одоогийн байдлаар 10 мянга орчим хятад компани үйл ажиллагаа явуулж байна. Үүний гуравны нэг нь үйлдвэрлэлийн салбарт хамаарна.
“Африкийн өсөн нэмэгдэж буй хүн ам нь бүс нутгийг дэлхийн хамгийн сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын нэг чиглэл болгох магадлалтай. Гэхдээ түүнийг бэхжүүлэхийн тулд илүү их зүйл хийх ёстой” гэж “Africa Risk Consulting”-ийн ахлах шинжээч Крис Эдейгуг хэлжээ.
Эцэст нь дүгнэхэд, Африк тивд колончлолын дараах анхны түүхэн өөрчлөлт явагдахад бэлэн болсон байна. Өөрчлөлтөд шаардлагатай хүчин зүйлс болох хүн амын хэмжээ, хөдөлмөрийн нөөц, төвлөрөл нь бэлэн байна.