Гихоны гутамшиг: Яагаад хэсгийн сүүлийн тоглолтууд зэрэг эхэлдэг вэ?

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолт эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол нэг хэсгийн дөрвөн багийн хоёр тоглолт зэрэг эхэлж байгаа. Зарим талаараа нэгэн зэрэг хоёр тоглолт үзэх нь хүндрэлтэй ч үүний цаана шударга өрсөлдөөн, луйваргүй цэвэр спортыг эрхэмлэж байгаа юм.

Энэ бүхэн 1982 оноос эхлэлтэй. 1982 оны дэлхийн аваргаар Баруун Герман, Австри, Алжир, Чили гэсэн дөрвөн улс нэг хэсэгт багтжээ. Африкийн төлөөлөл Алжир ч тэмцээнийг сайн эхлүүлж, эхний тоглолтдоо Баруун Германыг 2-1 гэсэн харьцаатай хожив. Гэвч Австрид хожигдож, эцэст нь Чилийг хожжээ.

Гихоны гутамшиг: Яагаад хэсгийн сүүлийн тоглолтууд зэрэг эхэлдэг вэ?

Алжирын шигшээ баг

Чили ч хомоол хамж, Баруун Герман, Австри, Алжир гурвын дунд хэн хоёр нь хэсгээсээ гарах вэ гэдэг асуулт үлдэв. Сүүлийн тойрогт Алжир эхлээд Чилийг хожиж, Баруун Герман болон Австри хоёр дараа нь тоглохоор болсон.

Баруун Герман нэг эсвэл хоёр гоолоор Австрийг хожвол гурван баг дөрвөн оноотой ч бөмбөгний зөрүүгээр Алжир хасагдах байв. Испанийн Гихон хотод болсон тоглолтод Баруун Герман 1-0-ээр өрсөлдөгчөө хожиж, Алжирыг нутаг буцаав. Тохирсон, наймаалцсан гэгддэг энэхүү тоглолтын эхний арван минутад л германчууд нэг гоол оруулж, үлдсэн 80 минутад хоёр бөмбөг олигтой ч довтолгоо хийгээгүй, биеийн амрыг харжээ.

Улмаар тэрхүү тоглолтыг “Гихоны гутамшиг” хэмээн нэрлэж, тус тоглолтыг үзсэн испаничууд дургүйцлээ илэрхийлж, Герман, Австрийн фанатууд далбаагаа шатааж байсан гэдэг. Үүнээс хойш дэлхийн аваргын хэсгийн шатны сүүлийн тойргийн тоглолтуудыг зэрэг явуулдаг болжээ.

Баруун Германы тайлбарлагч ийм тоглолт тайлбарлахгүй гэж дургүйцэн, хамт байсан Австрийн тайлбарлагч нь үзэгчдийг зурагтаа унтраахыг уриалж байсан аж.

Тоглолтын дараа Алжир гомдол гаргасан ч тухайн үед Олон улсын хөлбөмбөгийн холбоонд ийм асуудлыг зохицуулах дүрэм, журам байгаагүй гэнэ.

Ийнхүү 1986 оноос хойш өнөөгийн зохицуулалтыг хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн