Румын парламентын доод танхим Молдоватай нэгдэх санаачилгыг дэмжжээ

БУХАРЕСТ, 2026 оны зургаадугаар сарын 25 /DW/. Румыний парламентын доод танхим (Төлөөлөгчдийн танхим) тус улсыг Молдоватай нэгтгэх тухай тухай хуулийн төслийг лхагва гарагт баталжээ.

Уг хуулийн төслийг “SOS Romania” нам өргөн барьсан бөгөөд парламентын “чимээгүй батлах” журмаар баталсан байна. Энэхүү журам нь парламентын нэгдсэн хуралдаанаар 45 хоногийн хугацаанд хэлэлцээгүй эсвэл буцаагаагүй тохиолдолд автоматаар батлагдсанд тооцдог зохицуулалт юм.

“Румыний парламент Бүгд Найрамдах Молдова Улстай нэгдэх шийдвэр гаргалаа. Румыний парламент Бүгд Найрамдах Молдова Улстай нэгдэх үйл явцыг эцэслэн шийдвэрлэх зорилгоор тус улсын эрх баригчидтай нэн даруй хэлэлцээ эхлүүлэх бүрэн эрхийг засгийн газарт олгож байна” гэж баримт бичгийн 2, 3 дугаар зүйлд дурдсан байна. Энэхүү хуулийн төслийг одоо Сенатын танхимл хэлэлцүүлэхээр өргөн барина. 

Молдовагийн Ерөнхийлөгч Майя Санду өмнө нь Румынтай нэгдэх санаачилгыг дэмжиж байгаагаа ил тод илэрхийлж байсан юм. “Хэрэв бид бүх нийтийн санал асуулга явуулбал би Румынтэй нэгдэхийн төлөө санал өгнө” гэж тэрбээр Британийн “The Rest is Politics” подкастад энэ оны эхээр ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд, ялангуяа Украинд явуулж буй Оросын дайн үргэлжилсээр байгаа энэ үед Молдовад Румынтай нэгдэхийг дэмжигчдийн тоо огцом нэмэгдсэн байна. 2026 оны гуравдугаар сард явуулсан олон нийтийн санал асуулгын дүнг үзэхэд, Молдовагийн иргэдийн 42 орчим хувь нь энэхүү саналыг дэмжсэн бол 47 хувь нь эсэргүүцжээ. Харин Румынд дэмжлэг харьцангуй өндөр байгаа бөгөөд иргэдийнх нь 72 орчим хувь нь нэгдэхийн төлөө саналаа өгөхөд бэлэн байна.

Янз бүрийн судалгаанаас үзэхэд, Молдовагийн 2.4 сая орчим иргэний 33 гаруй хувь нь Румыний иргэншилтэй аж. Румын нь Молдовагийн хувьд хамгийн чухал худалдааны түнш юм. Румыний эрх баригчид хөрш орноо Оросоос эрчим хүчний хараат байдлаас гарахад нь тусалж, Европын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоход нь дэмжлэг үзүүлсээр иржээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн