ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 25 /Reuters/. Ираны эсрэг цэргийн ажиллагааны эхний өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд Ираны охидын сургуулийн олон арван хүүхдийн амийг авч одсон цохилтод хэн буруутай болох нь хэзээ ч тодорхой болохгүй байж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.
Ираны өмнөд хэсгийн Минаб хотод өгсөн уг цохилтыг АНУ-ын зэвсэгт хүчин өгсөн байж болзошгүйг АНУ-ын цэргийн дотоод мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүгнэлт харуулсан талаар “Reuters” агентлаг өнгөрсөн гуравдугаар сард анх мэдээлж байв.
“Энд тэндгүй пуужингууд нисэлдэж байсан учир хэний буруу байсныг хэзээ нэгэн цагт тогтоож чадна гэдэгт би эргэлзэж байна. Болсон явдал маш харамсалтай хэдий ч пуужингууд тал бүрээс л нисэж байсан шүү дээ” гэж Д.Трамп хэлээд “хэн нэгэн үүнийг манай пуужин гэж хэлсэн. Магадгүй манай пуужин байсан ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. Гэхдээ манайх байсан гэх ямар ч нотлох баримтыг би олж хараагүй. Би үүнийг манайх байсан гэж бодохгүй байна” гэжээ.
Ираны албаны хүмүүсийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израил хамтран Иранд цохилт өгсний улмаас 175 гаруй хүүхэд, багш амь үрэгдсэн байна.
Үүний дараа Пентагон мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн боловч одоогоор урьдчилсан дүгнэлт, шалгалтын эхний үр дүнгийн талаар мэдээлээгүй байна.