Франц улсад агаарын хэм 40 хүрч, хүн зон тэсэхэд бэрх болж буй тул агааржуулагчийн хэрэглээг эсэргүүцдэг байсан хуучин байр сууриа эргэн харахаас өөр аргагүйд хүрчээ. Агааржуулагчийг Францын улс төрийн хүрээлэл, ялангуяа ногоон хөдөлгөөнийхөн байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзэн эсэргүүцдэг байсан. Гэвч энэ долоо хоногт хэт халалттай холбоотойгоор агааржуулагчийн талаарх мэтгэлцээн дахин өрнөж, дайсагнагч ногоонууд хүртэл агааржуулагчийн хэрэгцээг хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Агааржуулагчийн хэрэглээ нь уур амьсгалын өөрчлөлтийг улам дордуулж байна гэж байгаль орчны идэвхтнүүд шүүмжилдэг байв. Учир нь агааржуулагчийг ажиллуулахын тулд цахилгаан шаардлагатай.
Одоогоор Францад агааржуулагчийн хэрэглээ тун бага буюу нийт айл өрхийн 25 хувь нь л агааржуулагч хэрэглэж байна. Гэтэл Испани, Италид энэ үзүүлэлт харьцангуй өндөр буюу 50 хувьтай байдаг бол АНУ, Японд 90 хувьтай байна.
Францад эмнэлэг, сургуулиуд хангалттай хэмжээнд агааржуулагчаар тоноглогдоогүй байдаг учир энэ долоо хоногт олон сургууль хаагдахад хүрчээ. Эмнэлгийн ажилтнууд ч нөхцөл байдал тэвчихийн аргагүй болж эхэлснийг гомдолложээ.
Агааржуулагчийн хэрэглээний эсрэг удаан хугацааны турш тэмцсээр ирсэн идэвхтнүүд хүртэл “Агааржуулагч бол дэлхийн дулаарлын эсрэг улс орны хариу арга хэмжээний нэг мөн” хэмээн хүлээн зөвшөөрч эхлэв. Тухайлбал, Экологичдын намын тэргүүн Мари Тонделиер “Агааржуулагчгүй л бол амьдрах аргагүй газрууд байгаа” гэж хэлсэн байна.
Гэхдээ агааржуулагч хэрэглэлээ гэхэд хотын агаарын хэм 2-3 хэмээр нэмэгдэх ч магадлалтайг зарим судалгаа харуулжээ.