Трампын засаг захиргаа томоохон хэмжээний 10 шинэ цөмийн реакторын хөгжүүлэлтийг хурдасгахад 17.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгож байна. Эрчим хүчний сайд Крис Райтын хэлснээр цөмийн станцуудын барилгын ажил 2030 он гэхэд эхэлж, 2030-аад оны дунд үеэс ашиглалтад орох боломжтой. Нэгэнт нийлүүлэлтийн сүлжээ бүрэн ажиллаад эхэлбэл цаашдаа ийм реакторууд олноороо баригдана гэж Крис Райт хэлжээ.
АНУ-ын ихэнх цөмийн цахилгаан станц 1970-1990 оны хооронд баригдсан байдаг. Гэтэл сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд АНУ ердөө хоёрхон шинэ реактор шинээр барьжээ. Шинэ хоёр реактор нь Жоржиа муж дахь “Plant Vogtle” цөмийн цахилгаан станц дээр баригдсан бөгөөд хугацаа нь ч тэр, төсөв нь ч тэр анх төлөвлөснөөсөө хэтэрч давсан юм. Уг төслийг төлөвлөлтийн алдаа, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, Covid-19 цар тахал гээд олон хүндрэлтэй тулгарсныг Райт онцолжээ. Гэхдээ реакторын загварын хувьд бат бөх, найдвартай аж.
Тэгвэл шинээр барих 10 реакторын техникийн үндсэн хийц, загвар нь “Westinghouse” компанийн “AP1000” байна. Өдгөө реакторуудыг олон тоогоор, олон байршилд бариснаар томоохон нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлж, арвин туршлага хуримтлуулна гэж үзэж байна. Цөмийн реакторуудыг цувралаар, өргөн хэмжээнд байгуулж байж АНУ хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл болон ирэх зууныг тодорхойлох салбаруудад манлайлах боломжтой гэдгийг “Westinghouse”-ийн гүйцэтгэх захирал Дэн Самнер хэлжээ.
Одоогоор төсөлд оролцох аж ахуйн нэгж, компаниуд болон баригдах мужуудын нэрсийг зарлаагүй байна. Мөн сонгон шалгаруулалтыг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа юм.
Дашрамд дурдахад, ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг ирэх 25 жилд дөрөв дахин өсгөх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хөгжүүлэлтийг түргэтгэх гүйцэтгэх захирамжуудад гарын үсэг зурсан байна.