НҮБ-ын Олон улсын далайн байгууллага АНУ, Ираны дайнаас болж Персийн буланд гацаад буй 11 мянга гаруй далайчныг аюулгүй нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Олон улсын далайн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингезийн хэлснээр Иран, Оман, АНУ болон бүс нутаг дахь бусад эргийн мужтай хамтран өргөн цар хүрээтэй ажиллагааг зохион байгуулна. Ажиллагааны бэлтгэл болгон аюулгүй байдлыг хангаж, навигацийн нөхцлийг сайтар хянаж байгаа аж.
Гацсан далайчдыг нүүлгэн шилжүүлэх нь Ормузын хоолой нээлттэй хэвээр байх эсэхээс хамаарна.
Арсенио Домингез хэлэхдээ “Далайчдад туслах хэлэлцээр нь далайн аюулгүй байдлыг сэргээж, иргэний тээвэрлэлтийн эсрэг хүлээн зөвшөөрөгдөхгүй халдлагыг зогсоох шийдвэртэй алхам болж байна. Би хэдэн сарын турш үргэлжилсэн гэм зэмгүй далайчдын зовлон бэрхшээл, дэлхий дахинд үзүүлсэн сөрөг нөлөөллийн эцэст АНУ, Ираны хэлэлцээрийг туйлын сэтгэл хангалуун хүлээн авч байна” гэжээ.
Далайчдыг нүүлгэн шилжүүлэхдээ хоолойгоор дамжин өнгөрөх хоёр түр замыг ашиглаж болно. Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр Олон улсын далайн байгууллага бүс нутгаас аюулгүй гарч буй хөлөг онгоцны тоог өдөр бүр мэдээлнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зургадугаар сарын 23-наас Персийн булан дахь айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалын хүрээнд тэрбээр Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Бахрейнаар очно.
Марко Рубио айлчлалын талаарх мэдэгдэлдээ, Ормузын хоолойд ямар ч улс хураамж, төлбөр ногдуулах ёсгүй гэж анхааруулжээ. Тэрбээр “Энэ бол олон улсын усан зам. Аль ч улс олон улсын усан замд төлбөр, хураамж ногдуулах эрхгүй. Энэ бол олон улсын хуулиар зохицуулагдсан зүйл. Энэ асуудлаар хэн нэгнийг ятгаад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Бүс нутгийн бүх улс үүнтэй санал нэгдэх байх” гэжээ.