Британичууд Европын холбооноос гарах эсэхээр санал хураагаад 10 жил өнгөрчээ. Энэхүү түүхэн санал хураалт 2016 оны зургадугаар сарын 23-нд болж, араас нь амаргүй хэлэлцээнүүд үргэлжилсний эцэст Их Британи 2020 оны нэгдүгээр сард Европын холбооноос гарч байв.
Тэгвэл британичуудын 60 орчим хувь нь үүнийг буруу шийдвэр байсан гэж үзэж буй нь сүүлд явуулсан шинэ санал асуулгаар тодорхой болжээ. Үүнтэй зэрэгцээд Их Британийг Европын холбоонд эргэн нэгтгэхийг уриалсан хөдөлгөөнүүд эрчээ аваад байна. Тухайлбал, өнгөрсөн Бямба гаригт Лондон хотын төвд “Үндэсний эргэн нэгдэх хөдөлгөөн” нэртэй жагсаал болжээ.
“Brexit” буюу Их Британи улс Европын холбооноос гарсан нь эдийн засгийн хувьд сөрөг үр дагавартай байсан гэж зарим хүн үзэж байна. Яагаад гэвэл Европын холбоо нь Их Британийн хамгийн том худалдааны түнш байсан билээ.
“YouGov” судалгааны фирмийн мэдээлснээр, британичуудын 30 хувь нь л “Brexit”-ийг зөв гэдэгт итгэсээр байгаа аж. Харин тэдний 57 хувь нь энэ шийдвэрийг буруу байсан гэж үзэж байна.
Гэвч одоогийн засгийн газар Европын холбоонд эргэн нэгдэх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн билээ. Хэдийгээр холбоонд эргэн нэгдэхгүй ч эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг болгон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны журмыг хялбаршуулах талаар хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.