Уур амьсгалын өөрчлөлтын тухай хуулиар уулзалт зохион байгууллаа

Улсын Их Хурал, ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй Бодлого, манлайллын хүрээлэнгээс “Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль: Боломж, Сорилт, Хэрэгжилт” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан, С.Одонтуяа, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тэргүүтэй 40 гаруй төлөөлөгч оролцов. Монгол Улс 2035 он хүртэлх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр тэг ялгаралд хүрэх амлалтыг дэвшүүлээд байгаа энэ үед Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд шилжсэн. Энэхүү хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох ажил хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт болон карбон зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтуудын хэрэгжилтийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм. Тэгвэл уг уулзалт нь хуулийн төслийн боломж, сорилт, хэрэгжилтийн асуудлаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогч талуудын ойлголтыг нэмэгдүүлэх, санал солилцох, хэрэгжилтийг дэмжих боломжит шийдэл, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чиглэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтын тухай хуулиар уулзалт зохион байгууллаа

Уулзалтын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, түүний хэрэгжилтээс бий болох боломжуудын талаар танилцуулж, уур амьсгалын ногоон санхүүжилт, карбон зах зээл, тэгш бөгөөд хүртээмжтэй шилжилт, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо (MRV), хариуцлага, ил тод байдал зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн бэлчээрийн тогтвортой менежмент, орон нутгийн иргэд, малчдын оролцоо, үр өгөөжийн хуваарилалт зэрэг асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүлж, хуулийн хэрэгжилтийн үед анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.

Оролцогчид уг хуулийг Монгол Улсын уур амьсгалын зорилт, олон улсын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна ногоон хөрөнгө оруулалт татах, карбон зах зээлийг хөгжүүлэх, ил тод, хариуцлагатай хэмжилт, тайлагналын тогтолцоог бий болгох, улмаар иргэд, хувийн хэвшил, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг онцолсон юм. Түүнчлэн хуулийн төслийн хэрэгжилтийг хангах институцийн зохицуулалт, санхүүжилтийн эх үүсвэр, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, хувийн хэвшлийн оролцоо, орон нутгийн үр өгөөжийг хангах механизм зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатай талаар санал дэвшүүлэв.

Уур амьсгалын өөрчлөлтын тухай хуулиар уулзалт зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Э.Болормаа “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг хэлэлцэж байна. Өнгөрсөн 7 хоног бол анхны хэлэлцүүлэг болж өнгөрсөн. Бид хууль баталж, тэр нь цаашид хэрхэн хэрэгжих гэдэгт анхаарах ёстой. Хуулийн төсөл хоёр үндсэн гол агуулгатай. Эхнийх нь, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд төрийн байгууллагуудыг чиг үүргийг зохицуулсан. Хоёрдугаарт, ногоон санхүүжилт тэр дундаа карбон зах зээлийн үүд хаалгыг нь нээж өгсөн байгаа. Хуулиа хэрэгжүүлэхийн тулд зургаан сар дотор Засгийн газгаас дагалдах журмуудыг батлах ёстой” хэмээн ярилаа.

Уур амьсгалын өөрчлөлтын тухай хуулиар уулзалт зохион байгууллаа

Харин БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Дэлхий дээр 70 гаруй улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаа хуульчилсан байдаг. Харин манай улсад энэхүү хуулийг баталснаар олон том боломжийг бий болно. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон салбарт одоо хөрөнгө оруулалтын батламжуудыг нээж өгнө” гэдгийг онцоллоо.

Уур амьсгалын өөрчлөлтын тухай хуулиар уулзалт зохион байгууллаа

Бодлого, манлайллын хүрээлэнгийн захирал, Карбон санхүүжилтийн зөвлөх М.Сугар “Энэ хуулийн хамгийн гол мөн чанарыг нэг үгээр илэрхийлбэл Монгол Улсад нэн чухал тулгамдаад байгаа уур амьсгал, цөлжилт, байгалийн доройтлын асуудалд санхүүжилтийн шийдлийг нь олж өгөх зорилготой. Энэ санхүүжилтийн нэг том багана нь карбон зах зээл болон ногоон санхүүжилт гэсэн үг” хэмээн тодотголоо.

Хэлэлцүүлгийн үр дүн нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой боллоо.

Уур амьсгалын өөрчлөлтын тухай хуулиар уулзалт зохион байгууллаа

Уур амьсгалын өөрчлөлтын тухай хуулиар уулзалт зохион байгууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн