Стармер өрсөлдөөнгүйгээр Бёрнхэмд зайгаа тавьж өгнө

Их Британийн парламентын нөхөн сонгуульд Мэйкерфилд тойрогт Их Манчестер бүсийн захирагч Энди Бёрнхэм илт давуу ялалт байгуулснаар Хөдөлмөрийн нам болон Их Британийг удирдах эрхийн төлөө ерөнхий сайд Кейр Стармертай өрсөлдөх замаа нээсэн билээ. Түүнийг Стармертай өрсөлдвөл дараагийн ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн гэдэг.

Стармер огцрох бодолгүй байгаагаа илэрхийлж, нам болон улсаа удирдах эрхийн төлөө тэмцэнэ гэснийг хэвлэлүүд хэдхэн өдрийн өмнө мэдээлж байв. Тэгвэл түүний энэ байр суурь өөрчлөгджээ. Тэрбээр ирэх намар болох албан ёсны өрсөлдөөнд оролцогүйгээр Энди Бёрнхэмд зайгаа тавьж өгөх тухайгаа мэдэгдэх гэж байгаа бололтой. Зарим албан тушаалтан энэ мэдээллийг баталсан ч зарим нь Стармерыг эхний байр сууринаасаа няцаагүй гэж хэлж байна.

Гэхдээ сайд нарын тал илүү хувь нь Стармерт буух цаг нь болсон гэдгийг аминчлан хэлсэн гэж “The Guardian” мэдээлжээ.

Стармер нэрээ таталгүйгээр өрсөлдөөнд оролцлоо гэхэд Бёрнхэм цорын ганц өрсөлдөгч байх уу, эсвэл бусад нэр дэвшигч гарч ирэх үү гэдэг тодорхойгүй байна.

Бёрнхэм Стармерын халааг авбал Их Британи улс Европын холбооноос гарснаас хойших долоо дахь ерөнхий сайд болох юм. Тэрбээр Их Манчестерийн захирагч байх хугацаандаа элитүүдийн хайхрамжгүй байдал, аж үйлдвэрийн уналтын тухай сэдвүүдийг хөндөн, хөгжлөөр хоцорсон хойд бүсүүдэд өргөн дэмжлэг олж авчээ. Мөн Их Британийн улс төрийн тогтолцоог Лондонд хэт төвлөрсөн гэж шүүмжилдэг. Их Британийн эдийн засаг, цагаачлалын тогтолцоо, боловсрол, аж үйлдвэрт суурь өөрчлөлт шаардлагатайг тэр онцолж байна. Түүнчлэн “дээшээ урсдаг” эдийн засгийн бодлогыг зогсоохыг уриалж, Английн хойд хэсгийг дахин аж үйлдвэржүүлэхийг шаардаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн