Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ВАШИНГТОН, 2026 оны зургааугаар сарын 21 /Reuters/. Ираны тал Ормузын хоолойг хаасан гэж мэдэгдэж, АНУ-ын албаныхан уг мэдэгдлийг үгүйсгэсээр байгаа хэдий ч хоёр улсын төлөөлөгчид ням гарагт буюу өнөөдөр Швейцарт энхийн хэлэлцээгээ эхлүүлэхээр бэлтгэж байна. 

Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, тус улсын өндөр түвшний албан тушаалтнууд АНУ-тай энхийн хэлэлцээ хийхээр Швейцарт хүрэлцэн ирсэн байна. Пакистаны талын мэдээлснээр ням гарагт эхлэх уг уулзалтад оролцохоор АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Вашингтоноос морджээ.

Хэдийгээр АНУ, Ираны талууд 60 хоногийн хугацаанд гал зогсоож, хэлэлцээ хийхээр тохиролцсон боловч Израилын арми Ливаны өмнөд нутагт цохилт өгсний хариуд Ираны Исламын хувьсгалт гвардын корпус бямба гарагт Ормузын хоолойг хааснаа мэдэгдсэн байна. Харин АНУ-ын цэргийнхэн энэ мэдэгдлийг няцааж, худалдааны хөлөг онгоцууд дамжин өнгөрч байгаа гэж мэдэгджээ.

Энэ үйл явдал нь дөрвөн сар шахам үргэлжилсэн дайныг зогсоох зорилгоор Пакистаны зуучлалаар байгуулж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурсан түр хэлэлцээрийг эцэслэн байгуулах талуудын  яриа хэлэлцээг ээдрээтэй болгож магадгүй байна. 

Ормузын хоолой болон Ливаны байдал хурцадмал хэвээр байна

Гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын өмнө хүлээсэн үүргээ зөрчин Ливанд “гэмт хэрэг” үйлдсэн гэж Ираны Исламын хувьсгалт гвардын корпус Израилыг буруутгаад, дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн хамгийн чухал тээврийн замуудын нэг болох Ормузын хоолой руу ойртсон хөлөг онгоцууд эрсдэлд орж болзошгүйг анхааруулжээ. арин АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалаас мэдээлснээр, дэлхийн зах зээлд нийлүүлэх 17 сая гаруй баррель газрын тос тээвэрлэсэн 55 худалдааны хөлөг онгоц бямба гарагт Ормузын хоолойгоор аюулгүй нэвтэрсэн байна. Америкийн цэргүүд худалдааны хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хангана гэж тус командлал мөн мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ, 60 хоног гал зогсоох хугацаанд, энэ хугацаа дуусгавар болсны дараа Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд ямар нэгэн татвар хураамж авахгүй, харин энхийн хэлэлцээ бүтэлгүйтвэл АНУ татвар ногдуулж магадгүй гэжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээндээ, хэрэв энхийн гэрээ эцэслэгдэхгүй бол “Ойрх Дорнодын орнуудад хамгаалагч тэнгэрийн элчийн үүрэг гүйцэтгэсний үйлчилгээний хөлс” болгож АНУ татвар авах боломжтойг дурдсан байна.

Ираны Дээд удирдагч Аяатолла Можтаба Хаменеин зөвлөх Мохаммад Мохбер “X” нийгмийн сүлжээний хуудсандаа АНУ-ыг тус улстай байгуулсан 14 заалт бүхий түр хэлэлцээрийн эхний заалтыг буюу Ливаныг оролцуулаад “бүх фронтод” гал зогсоох заалтыг биелүүлээгүй гэж буруутгасан байна. Энэхүү хэлэлцээр зөвхөн цаасан дээр л хэрэгжиж байгаа цагт Ойрх Дорнодын эрчим хүчний эх үүсвэрүүдийн урсгал зогсонги хэвээр байх болно гэдгийг тэрбээр анхааруулжээ. Израил, Ираны дэмжлэгтэй “Хезболла” зэвсэгт бүлэглэл харилцан бие бие рүүгээ довтолсоор байгаа тул Ливанд гал зогсоох хэлэлцээр туйлын хэврэг байна.

Ираны төлөөлөгчдийг парламентын дарга бөгөөд гол хэлэлцээч Мохаммад Багер Галибаф ахалж байгаа бол бүрэлдэхүүнд нь Гадаад хэргийн сайд Аббас Арагчи, аюулгүй байдал, Төв банк, газрын тосны салбарын өндөр албан тушаалтнууд багтжээ. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсээс гадна, тусгай элч Стив Уиткофф болон Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар багтсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн