Турк, Экуадор гэсэн битүү морьд бүдрэв

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхээс өмнө Турк, Экуадор, Норвеги тэргүүтэй шигшээ багуудыг таамаг эвдэх, цойлох битүү морьдоор нэрлэж байв. Гэвч өнөөдрийн/2026.06.21/ байдлаар Турк гэртээ харих нь тодорхой болж, Экуадор тун хэцүү байдалд оров.

Туркийн шигшээ баг өчигдөр хүн дутуу Парагвайн шигшээ багт 1-0 гэсэн харьцаатай хожигдов. Матиас Галарза тоглолт эхлээд л гоол оруулж, Туркийг сэрүүн зүүднээс нь сэрээсэн. Энэхүү тоглолтод нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Парагвайн Мигуэл Альмирон улаан хуудас хүртсэн. Шинэ дүрмийн дагуу түүнийг амаа дарж ярьсан учир ийн шийтгэсэн аж. Альмирон энэхүү дүрмийн эхний хохирогч болжээ.

Арван хүнтэй үлдсэн Парагвай хоёрдугаар хагаст ганц гоолоо амиараа хамгаалж, хожжээ. Арда Гулер, Кенан Йилдиз, Хакан Чалханоглу тэргүүтэй Туркийн одод тун тааруу тоглолоо. Хожигдлын дараа Арда Гулер ард түмнээсээ уучлалт гуйсан юм.

Турк дэлхийн аваргад хожил байтугай ганц ч гоол оруулж амжаагүй явна. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо АНУ-ын эсрэг хийнэ. Хэдэн ч гоолоор яаж ч хожсон тэдэнд боломж байхгүй.

Турк, Экуадор гэсэн битүү морьд бүдрэв

Нөгөө талд Экуадор эхний тоглолтдоо харамсалтай хожигдож, өнөөдөр 150 мянган хүн амтай Курасаог хожиж чадсангүй. Хоёр баг 0-0 гэсэн харьцаатай тэнцэв. Курасаогийн хаалгач Элйо Рум 15 цохилт хаан гангарлаа. Өнөөдөр түүний хаалганд гоол оруулна гэдэг биелэгдэшгүй даалгавар мэт байв. Өдгөө 37 настай тэрбээр ДАШТ-ий түүхэнд тодоор үлдэх үйл явдлын эзэн боллоо.

Экуадор хэсгийн сүүлийн тоглолтдоо Германыг хожвол дараагийн шатанд шалгарах багахан ч гэсэн боломжтой.

Турк, Экуадор гэсэн битүү морьд бүдрэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн