Их Британийн парламентын нөхөн сонгуульд Мэйкерфилд тойрогт Их Манчестер бүсийн захирагч Энди Бёрнхэм илт давуу ялалт байгуулснаар Хөдөлмөрийн нам болон Их Британийг удирдах эрхийн төлөө ерөнхий сайд Кейр Стармертай өрсөлдөх замаа нээлээ. Санал хураалтын дүнгээр Бёрнхэм цагаачлалын эсрэг байр суурьтай “Reform UK” намын нэр дэвшигч Роберт Кеньоныг төвөггүй ялсан байна. Ингэснээр ерөнхий сайдын төлөө өрсөлдөхөд шаардлагатай Нийтийн танхимын суудлыг авчээ. Бёрнхэм 24,927 санал авч, Кеньоныг 9,000 гаруй саналаар илүүрхсэн байна. Харин “Restore Britain” намын Ребекка Шеперд тэднээс нэлээн олон саналын зөрүүтэйгээр гуравдугаарт оржээ.
Бёрнхэм ялалтаа тэмдэглэн үг хэлэхдээ “Улс төр нэг л болохгүй байгааг бүгд мэдэж байгаа. Улс орон байх ёстой түвшиндээ хүрээгүй байгааг хүн бүр мэдэрч байна. Энэ мөчөөс эхлэн би бүхнээ дайчилж ажиллах болно” гэжээ.
Хэрэв Бёрнхэм Стармертай өрсөлдвөл дараагийн ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн гэгддэг. Энэ долоо хоногийн эхээр нийтлэгдсэн “Ipsos”-ийн санал асуулгаар Их Британийн насанд хүрэгчдийн 25 хувь нь Бёрнхэмийг хүсэмжит ерөнхий сайдаар сонгосон бол Стармерыг ердөө 12 хувь нь дэмжсэн байна.
Стармер Бёрнхэмд баяр хүргэж, олон нийтийн сүлжээнд бичихдээ “Сонгогчид хуваагдал, үзэн ядалтаас илүү Хөдөлмөрийн намын найдвар, өөдрөг үзлийн кампанит ажлыг сонголоо” гэжээ. Гэвч тэр огцрох бодолгүй байгаагаа дахин илэрхийлж, нам болон улсаа удирдах эрхийн төлөө тэмцсээр байх болно гэсэн юм.
Бёрнхэм Их Британийн эдийн засаг, цагаачлалын тогтолцоо, боловсрол, аж үйлдвэрт суурь өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байна. Мөн тэрбээр “дээшээ урсдаг” эдийн засгийн бодлогыг зогсоохыг уриалж, Английн хойд хэсгийг дахин аж үйлдвэржүүлэхийг шаардаж байна.
Бёрнхэм Стармерын халааг авбал Их Британи улс Европын холбооноос гарснаас хойших долоо дахь ерөнхий сайд болох юм.
Их Манчестерийн захирагч байх хугацаандаа Бёрнхэм элитүүдийн хайхрамжгүй байдал, аж үйлдвэрийн уналтын тухай сэдвүүдийг хөндөн, хөгжлөөр хоцорсон хойд бүсүүдэд өргөн дэмжлэг олж авчээ. Тэрбээр Их Британийн улс төрийн тогтолцоог Лондонд хэт төвлөрсөн гэж шүүмжилдэг.