Италийн Гадаад хэргийн сайд Антонио Тажани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгнээс болж тус улсад хийх айлчлалаа цуцалжээ. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Италийн ерөнхий сайд Жиоржиа Мелониг өөртэй нь хамт зураг авхуулахыг гуйсан гэж телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн. Харин Мелони үүнийг худал, зохиомол үг гэж мэдэгдэж байна.
Ираны дайнаас хойш Трамп, Мелони хоёрын харилцаа сайнгүй байсан. Гэсэн ч “Их-7”-ийн уулзалтын үеэр тэдний харилцаа харьцангуй эерсэн харагдаж байсан юм. Тэд дээд хэмжээний уулзалтын үеэр хамтдаа дотно байгаа нь хэд хэдэн удаа зураглаачдын дуранд өртсөн билээ. Түүнчлэн Мелони сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Бидний харилцаанд өөрчлөлт гараагүй, бие биеэ буруутгаж зэмлэсэн зүйл үгүй” гэсэн боловч Трамп өөр зүйл ярьсан нь түүний эгдүүцлийг төрүүлэв.
Трамп Италийн “La7” телевизэд яриа өгөхдөө “Тэр надтай хамт зураг авхуулахыг гуйсан. Би түүнийг өрөвдсөн шүү. Өөртэй нь ярьсанд тэр баярласан нь дамжиггүй” гэжээ. Гэхдээ “La7” телевиз түүний яриаг англи хэлээр нь шууд дамжуулаагүй, италиар дуу оруулсан байсан гэдгийг анхаарах хэрэгтэй.
Мелони түүний хэлсэнд итгэж ядан гайхширч, цочирдсон гэдгээ инстаграм дахь долоон сая дагагчдаа хуваалцжээ.
“АНУ-ын ерөнхийлөгч холбоотнууддаа яагаад ингэж хандаад байдгийг би ойлгохгүй юм. Ийм зүйл анх удаа ч болж байгаа юм биш. Гагцхүү Трамп барууны орнуудын дайснууд болон АНУ-ын дайснуудын эсрэг ижил шийдэмгий байр суурь харуулдаггүй нь харамсалтай гэдгийг л би хэлэх байна. Эсрэгээрээ тэр дайсан орнуудын удирдагчидтай эвлэрэнгүй, зөөлөн ханддаг. Гэхдээ нэг л зүйлийг санаж аваасай гэж түүнд хэлэх байна. Би ч, Итали ч түүнийг гуйхгүй” гэж Мелони хэлжээ.
Мелонигийн хувьд 2025 онд Трампын тангараг өргөх ёслолд оролцсон Европын цорын ганц удирдагч байсан. Европын холбооны түншүүд нь түүнийг АНУ-ын ерөнхийлөгчтэй холбоо тогтоох гүүр гэж харж байсан.
Гэвч Мелони Ираны дайныг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн юм. Үүний дараа Трамп хэвлэлд яриа өгөхдөө “Би Мелониг зоригтой гэж бодож байсан, үгүй байсан юм билээ” гэжээ. Мөн Трамп Ромын пап XIV Леог гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр сул, гадаад бодлого нь аймшигтай гэж шүүмжилсний дараа Мелони үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн.
Трампын сүүлийн ярилцлагын тухайд Италийн улстөрчид Мелонигийн талд байгаагаа илэрхийлцгээж байна.
Тухайлбал, Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла Мелони руу шууд утасдаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Сөрөг хүчний Ардчилсан намын сенатор Филиппо Сенси “Италийн ерөнхий сайдтай ийм ихэмсэг өнгө аястай ярих эрх хэнд ч байхгүй” гэжээ. Түүнчлэн Таван од хөдөлгөөний удирдагч Жузеппе Конте “Итали ийм доромжлолыг хүртэх ёсгүй. Вашингтонд таалагдах гэж үндэсний эрх ашиг, нэр төрөө золиослох ёсгүй” гэжээ.







