СОФИ, 2026 оны зургаадугаар сарын 19 /BTA/. “BAUHAUS Болгар 2026” дауны хам шинжтэй тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс (ДАШТ) Болгарын баг тамирчид 27 медаль хүртжээ. Тус тэмцээн гурван өдөр үргэлжилж пүрэв гарагт дууссан байна.
“Энэхүү тэмцээнийг маш амжилттай болсон гэж дүгнэж байна. Тамирчид маань гайхалтай амжилт үзүүллээ. Өнөөдөр хаалтын ажиллагаа болно. Бүх зүйл ямар нэгэн осол зөрчил, ноцтой асуудалгүйгээр төлөвлөсний дагуу явагдсанд баяртай байна. Медаль хүртсэн тамирчид маань үнэхээр эдгээр медалийн эзэд байх гавьяатай бөгөөд би тэднээрээ бахархаж байна” хэмээн Петков Болгарын цахилгаан мэдээний BTA агентлагт ярьжээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “Бид ирэх онд дауны хам шинжээс бусад төрлийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар хэлэлцэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Аутизм болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын заалны хөнгөн атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг Софи хотын “Asics Arena”-д зохион байгуулна гэсэн үг юм. Энэ тэмцээн болох эсэх нь хоёр долоо хоногийн дотор тодорхой болно” гэв.
Дауны хам шинжтэй тамирчдын уг ДАШТ-д 27 орны 400 орчим тамирчин өрсөлджээ. Болгар улсыг төлөөлөн 20 тамирчин хөнгөн атлетик, спортын гимнастик, уран сайхны гимнастик, теннис, ширээний теннис гэсэн бүх таван төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.