Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны салбар хорооны ээлжит хурал боллоо.
Хурлыг Үндэсний сурын харвааны салбар хорооны дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр удирдаж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар хэлэлцэв. Мөн үндэсний сурын харвааны тэмцээний бэлтгэл, талбайн зохион байгуулалт, харваачдын бүртгэл, аюулгүй ажиллагаа, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл солилцож, бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудын явцын талаар санал солилцов.
Энэ жилийн баяр наадмаар үндэсний сурын харваа, урианхай, буриад болон өсвөрийн сурын харвааны бүртгэл, оноо, харвааны явцыг цахим хэлбэрээр ил тод мэдээлэх бөгөөд үзэгчид “Их цэц” системээр дамжуулан бодит цагийн мэдээллийг шууд авах боломжтой болжээ. Мөн сурын талбайд мэдээллийн дэлгэц байршуулж, харваачдын оноо болон тэмцээний явцыг шууд дамжуулан хүргэх аж.
Түүнчлэн үндэсний сурын харвааны өв соёл, уламжлал, ёс заншлыг гадаад, дотоодын жуулчин, үзэгчдэд илүү ойлгомжтой таниулах зорилгоор сайн дурын ажилтнуудыг ажиллуулахаар болов. Дэд хороо баяр наадмын үндэсний сурын харвааг өндөр түвшинд зохион байгуулж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, харваачид болон үзэгчдийн ая тухтай, аюулгүй оролцоог хангахад онцгой анхаарна гэдгээ хэллээ.
