Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Ажлын албаны удирдлагуудтай уулзаж, бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Уулзалтаар төсөв, санхүүжилтийн явц, тулгамдаж буй асуудал, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоотой шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, түр байгууламжийн стандарт, аюулгүй байда зэрэг 10 асуудлыг хэлэлцэн үүрэг чиглэл өгсөн байна.
Энэ үеэр сайд Ц.Сандаг-Очир “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад хоёр сарын хугацаа үлдлээ. Иймд бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд нь бүрэн хийж дуусгах, Ажлын алба болон дэд хороодын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагаа, хамтын хариуцлагыг бүх түвшинд нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” хэмээн онцоллоо.
Бэлтгэл ажлын хүрээнд авто зам, зогсоолын нэгдүгээр ээлжийн ажлын гүйцэтгэл 85, ногоон байгууламжийн ажлын хүрээнд мод, бут сөөгийн тарилт 80, гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил 70, цэнхэр бүсийн 12 түр барилга байгууламжийн угсралтын эхний хоёр шатны ажил 90 хувьтай яваа аж.
