Швейцарийн Давост өнгөрсөн сард болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр үл хөдлөх хөрөнгийн магнат гэр бүлийн өв залгамжлагч бөгөөд Трампын хүргэн Жаред Кушнер “Шинэ Газа” төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Тус төлөвлөгөөнд танилцуулснаар Газын зурваст тэнгэр баганадсан өндөр, гял цал барилгууд сүндэрлэж, аялал жуулчлал хөгжин, бүс нутгийг даян дэлхийтэй холбох ложистикийн коридор бий болох юм.
Гэвч яг үнэндээ бөмбөгдөлтөд өртөж, тоос шороондоо хутгалдсан Газын зурваст хэн ч, хэзээ ч, ганц ч ширхэг тоосго тавиагүй хэвээр байна. Палестины нутаг дэвсгэрийн аймшигт бодит байдал шинэ байшин барилгуудаар бус тонн тонн хог хаягдлаар хэмжигдэж байна. Бүс нутагт дайн байлдаанаас үлдсэн нурангийн хэмжээг 61 сая тонн гэж тооцоолсон билээ.
Израиль, Хамас хоёр өнгөрсөн оны аравдугаар сард гал зогсоох хэлэлцээрт хүрсэн боловч аллага зогссонгүй. Израильчууд бүс нутагт үргэлжлүүлэн агаарын цохилт өгсөөр, шинэ, чимээгүй дайн эхлэв үү гэлтэй байна.
Үүний зэрэгцээ Израиль улс Газын зурваст цемент, ган зэрэг барилгын ажлын хамгийн чухал материалуудыг нэвтрүүлэхийг хориглосон учир сэргээн босголтын ажил эхлэх хүртэл өдий байна.
НҮБ-ын мэдээлснээр, Израиль, Хамасын дайны хугацаанд Газын зурвасын 92 хувь нь устаж, сүйджээ. Мөн сэргээн босголтын зардлыг 70 тэрбум ам.доллар гэж тооцоолсон. Гэхдээ Газын сэргээн босголтын цаад зорилго нь палестинчуудын амьдралыг хэвийн болгоход бус дахин загварчлахад оршиж байгааг шинжээчид болон хот төлөвлөгчид сануулж байна. Өөрөөр хэлбэл, орон байртай байх хүний үндсэн эрхийг улс төрийн дарамт шахалтын нэг хэрэгсэл болгон ашиглаж, хүн амын бүтцийг өөрчлөх санаа агуулж байж магадгүй юм.
“Сэргээн босголт гэдэг бол дайн дууссаны маргааш өдрийг хэлэхгүй. Харин дайн захиргааны болон эдийн засгийн аргаар үргэлжилсээр буй нэг хэлбэр юм” гэж Израиль судлаач Ихаб Жабареен хэлжээ.
СЭРГЭЭН БОСГОЛТЫН АМИН СУДАС
Израилийн хувьд сэргээн босголт гэдэг бол хамгийн хүчтэй зэвсэг. Нэг үгээр хэлбэл, сэргээн босголт эхэлсэн тэр цагт Израилийн өмнө цэргийн эзлэн түрэмгийллийн стратегиэс бүрэн эрхт байдал руу шилжих боломж нээгдэнэ.
Ихаб Жабареен хэлэхдээ “Газын сэргээн босголтын амин судсыг хэн атгаж байна, түүнд улс төр, аюулгүй байдлын ирээдүйг шийдэх эрх бий. Израиль улс Газын зурваст хариуцлага хүлээгээгүй хяналт гэх өвөрмөц тогтолцоог бий болгохыг зорьж байна” гэсэн юм. Энэ нь хууль ёсны дагуу Газыг эзлэн аваагүй атлаа тэндэхийн өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөхийг хянах тогтолцоо гэсэн үг. Мөн энэ тогтолцоо нь барилгын материал болон хүмүүнлэгийн тусламж оруулах эсэхийг улс төрийн шинж чанартай шийдвэр болгож байна. Барилгын материал оруулахад ложистикийн асуудал байгаа эсэх нь хамаагүй, улс төрийн тохироо бүрдсэн үү гэдэг нь л чухал.
Ихаб Жабареен үүнийг гурван шатлалт луйвар гэж нэрлэж байна:
- Аюулгүй байдлын луйвар. Барилгын материалын урсгалыг урт хугацааны хяналттай холбосноороо Газын зурвасын сэргээн босголтыг байнгын хөндлөнгийн хамааралтай болгож байна.
- Улс төрийн луйвар. Сэргээн босголтыг ашиглаж хэн тэнд засаглахыг шийднэ. Хэн цемент нийлүүлнэ, тэр Газад хууль ёсны эрх мэдэлтэй байна. Израиль сэргээн босголтыг зөвхөн өөрт тохирсон технократ засаглалын дор л зөвшөөрнө.
- Тайвшруулах тактиктай луйвар. Орон байртай болох зэрэг хүний анхан шатны амьд үлдэх хэрэгцээг хангахдаа чимээгүй байсны шагнал хэлбэрээр хангана.
ФИНИКС ТӨЛӨВЛӨГӨӨ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурдсанаар Газын зурвас дахь нуранги, хог хаягдлыг цэвэрлэхэд долоон жил шаардагдана. Үүний зэрэгцээ энэ цэвэрлэгээ хамгийн тохиромжтой нөхцөл болзол дор л явагдана гэдгийг анхаарах хэрэгтэй. Газын зурвасыг энэ дэлхий дээрх хамгийн ихээр сүйдсэн газар гэж тус тайланд дурджээ.
Бодит байдлыг харгалзан үзвэл Давосын үеэр санал болгосон сэргээн босголтын загвар Газад тохирохгүй гэж Палестины шинжээчид үзэж байна. Харин Газын хотуудын холбооноос боловсруулсан “Финикс төлөвлөгөө”-г орон нутагт илүү ээлтэй хувилбар гэж эзлэгдсэн Баруун эрэг дэх Бирзейт их сургуулийн профессор Абдель Рахман Китана санал болгожээ. Тэрбээр “Сэргээн босголт гэдэг нь зөвхөн сүйдсэн зүйлсийг дахин барих тухай биш юм. Энэ бол амьдралын хэв маягийг дахин тохируулах гэсэн үг” гэжээ.
Түүний санал болгож буйгаар сэргээн босголтын загварыг дээрээс доош бус, доороос дээш чиглэлд хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, оршин суугчидгүйгээр сэргээн босголт амжилттай болохгүй. Тэдний саналыг сонсч, хэрэгцээ, мөрөөдлийг нь тусгах хэрэгтэй.
ДАВХАР ХЭРЭГЛЭЭНИЙ ДҮРЭМ
НҮБ-ын тогтоосон долоон жилийн сэргээн босголтын хугацаа ч тэр, “Финикс төлөвлөгөө” ч тэр нэг ижил саадтай тулгарч байна. Энэ бол “Давхар хэрэглээ” гэх дүрэм.
Цэргийн зорилгоор ашиглаж магадгүй гэх үндэслэлээр Газын зурваст бордоо, ган хоолой зэргийг нэвтрүүлэхийг Израиль хориглосоор ирсэн. Өнөөдөр хориотой эд материалын жагсаалт улам л олон болж, хүчилтөрөгчийн цилиндр, хавдрын эм, усны шүүлтүүр зэргээр нэр төрлөө нэмжээ. Эдгээрийг хориглох нь аюулгүй байдалтай ямар ч хамаагүй, эсрэгээрээ засаглалын нэг хэлбэр болсон.
“Израиль улс эд материал нэвтрүүлэх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахдаа давхар хэрэглээ гэсэн шалтаг хэлж байна. Шуудай цемент бүрийг шат дамжлагатайгаар батлуулж байж, нэвтрүүлснээрээ Израиль улс хандивлагч орнууд болон агентлагуудыг залхаана. Улмаар Палестины засаг захиргаа байнгын гуйж гувшсан байдалтай байна гэсэн үг” гэж Жабареен хэлжээ.
ХҮН АМ ЗҮЙН ЧИМЭЭГҮЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ
Израиль хамгийн чухал материалуудыг Газын зурваст нэвтрүүлэхгүй байхад нөгөө талд Трампын засаг захиргаа зүүн мөрөөдөл шиг юм зохиож байна гэж шинжээчид шүүмжилжээ. Трампын санаачилсан Энх тайвны зөвлөл Газын эдийн засгийг 10 тэрбум ам.доллараар өсгөж, 100 мянган орон сууцтай “Шинэ Рафах” хотыг сүндэрлүүлнэ гэж амласан билээ.
Далайн эргийн үл хөдлөхүүд, аж үйлдвэрийн бүс зэргийг багтаасан төлөвлөгөөг Жабареен хүн ам зүйн чимээгүй инженерчлэлийн хэлбэр гэж нэрлэв.
Тэд Палестины асуудлыг улс үндэстний асуудал бус энгийн нэгэн үл хөдлөхийн асуудал болгож хувиргаж байна. Газын эдийн засгийн хувьд ашигтай боловч улс үндэстний хувьд сул дорой бүс нутаг болгож хувиргах нь тэдний зорилго. Барилгын нуранги болон олон мянган цогцосыг үл тоож, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалд төвлөрснөөрөө тэд улс төрийн уран зөгнөлийг хуульчилж байна. Палестинчуудыг хүчээр тэндээс нүүлгэн шилжүүлж чадахгүй юм бол амьдрах орчин, орон зайг нь дахин загварчлах санаа тэнд явж байна.
Газын эзлэн түрэмгийллийг цэргийн болон төрийн хяналтгүйгээр хувийн бизнесүүдийн үйл ажиллагаа, эдийн засгийн хяналт замаар үргэлжлүүлэх эрсдэлтэйг Жабареен анхааруулж байна. Сэргээн босголт бол шууд бус ашгийн гинжин хэлхээ. Тэнд үйл ажиллагаа явуулах компани бүр Израиль болон холбоотнуудад орлого оруулна.
Ийм бодлогын хамгийн аюултай тал нь цаг хугацааг зэвсэг болгон ашиглах явдал юм. НҮБ-ын үнэлгээгээр зөвхөн хог хаягдлыг зайлуулахад 2032 он хүртэл хугацаа шаардагдана. Харин Газын зурвасыг бүрэн сэргээн босгоход 2040 он хүртэл хугацаа шаардагдана. Тэгэхээр Израиль улс хүлээлтийг нүүлгэн шилжүүлэх бодлого болгон хувиргах гэж байна. Өөрөөр хэлбэл, Израиль улс цагаачлалд мөрий тавьж байна. Удаан хугацаанд майхан зэрэг тав тухгүй сууцанд амьдарсан палестинчууд албадан зайлуулсан зайлуулаагүй өөрсдөө ядарч, цөхөрсөндөө тэндээс явна. Бөмбөгдөлтийг бүгд буруушаана. Гэхдээ хүлээлтийг хэн ч буруушаахгүй.