Ерөнхийлөгч Путиныг элэглэж шоглосон зургуудаараа алдартай Оросын уран бүтээлч Семён Скрепецк зургадугаар сарын 15-ны өдөр Польш улсад буудуулж нас баржээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор хоёр беларусь хүнийг баривчлаад буйг прокурорууд мэдэгдээд байна. 44 настай Скрепецкийг Польш, Беларусийн хил дагуу орших Биала Подласка хотод гэрийнх нь ойролцоо машины зогсоол дээр санаатайгаар буудан хөнөөсөн гэж таамаглаж байна.
Семён Скрепецкийн жинхэнэ нэрийг Роберт Кузовков гэдэг. Тэрээр хийдэг ажлаасаа болж баривчлагдах вий гэсэн айдсын үндсэн дээр 2021 онд Оросоос дүрвэсэн бөгөөд түүнээс хойш Польш улсад амьдарч байжээ.
Люблин дахь Польшийн дүүргийн прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ “Одоогийн мэдээллээр бол гар буу барьсан үл таних эр түүн рүү дөхөж эрээд хоёр удаа буудсан байна. Хохирогчийг газар унасан хойно нь халдагч этгээд ойртож ирээд, дахин гурван ч удаа буудчихаад, хэргийн газраас маш хурдан зугтсан байна. Хохирогч толгой, цээжиндээ буудуулж, газар дээрээ нас барсан. Хэрэг гарсны дараа удалгүй цагдаа нар хоёр беларусь хүнийг баривчилсан. 37, 33 настай хоёр эрийг Биала Подласка дахь Беларусийн консулын газрын ойролцоогоос баривчилсан. Энэ хэрэгт тэд ямар үүрэгтэй оролцсоныг мөрдөн шалгаж байна” гэжээ.
Зураач Скрепецк нь Путин болон түүний дэглэм, Оросын албан тушаалтнуудыг шүүмжлэгч нэгэн. Тэрээр этгээд өнгө аястай бүтээлүүддээ Путиныг үхэр шиг хамартай, гахай тэвэрсэн байдалтай гэх мэтээр элэглэн дүрсэлдэг байв. Мөн түүний бүтээлүүд заримдаа Оросын үнэн алдартны шашны өнгө аястай байдаг.
Скрепецк нь зөвхөн Путин гэлтгүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин, Чеченийн удирдагч Рамзан Кадыров, ЗХУ-ын удирдагч Сталин, тэр бүү хэл Элон Маскийг хүртэл элэглэн зурж байжээ. Үүний зэрэгцээ тэрээр Оросын сөрөг хүчний зарим зүйлийг ч шүүмжилдэг байсан. Ялангуяа талийгаач Алексей Навальныйг “Оросын сөрөг хүчнийг тэр аяар нь устгасан” гэж шүүмжилдэг байв.
Скрепецк анх Украиныг хүчтэй дэмжиж, дайн дөнгөж эхэлсний дараа Оросын паспортоо хүртэл олны өмнө шатааж байсан удаатай. Гэхдээ тэр цаг үеэс хойш Скрепецк Украины удирдлагыг ч бас шүүмжлэх нь ихэссэн юм.

























