“Чингис хаан” үндэсний музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтран ажиллана

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Бүгд Найрамдах Польш Улсын Цэргийн музейн захирал Богуслав Пацек нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Уулзалтын үеэр талууд соёлын салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр улсын байгууллага болон иргэдийн хоорондын харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ музейн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Музейн үйл ажиллагаа, цуглуулга, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, форум зохион байгуулах
  • Судлаач, мэргэжлийн ажилтнуудыг харилцан солилцож, туршлага хуваалцах, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх
  • Ном, мэдээлэл, судалгааны материал солилцох, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг дэмжих
  • Хамтарсан төсөл, үзэсгэлэн, сургалт болон боловсролын үйл ажиллагааг хөгжүүлж, хэрэгжүүлэх

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Польшийн музейн байгууллагуудын харилцааг шинэ шатанд гаргаж, түүх, соёлын өвийг судлах, сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Ташрамд дурдахад, “Чингис хаан” үндэсний музей эдгээр өдрүүдэд Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн