Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэв

Улаанбаатар //. Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн ёслол Гадаад харилцааны яаманд өнөөдөр боллоо.

Ёслолын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд Ш.Одонбаатар уншиж танилцуулсан юм. Уг мэндчилгээнд, 60 жилийн түүхтэй дэлхийн 170 гаруй улс, газар нутагт төлөөлөлтэй НҮБ-ын системийн тэргүүлэх байгууллагын нэг болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй манай улс 1976 оноос хойш хамтын ажиллагаагаа эхлүүлж, хөгжлийн бодлого, сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, ногоон хөгжил, бичил санхүүжилтийг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт ахиц дэвшлээр дүүрэн ажиллаж ирснийг тодотгов.

Мөн наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, туршлага, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын үе үеийн удирдлага, ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир энэ үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсноос хойш олон талт хамтын ажиллагааг гадаад бодлогынхоо чухал тулгуурын нэг болгон хөгжүүлж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уг хөтөлбөр манай улсын хөгжлийн бодлого, институцын шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Ялангуяа жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрсэн. Тухайлбал, УИХ 1992 онд гурван эмэгтэй гишүүнтэй байсан бол өдгөө 32 болсон нь төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын хамтын хүчин чармайлт юм” хэмээв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улстай хамтарч ажилласны 50 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. Түүхэн ойгоо тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт олон арван гадаад болон монгол ажилтан ажиллагсад ажиллаж, хөгжлийн замналд хамтдаа байлаа. Өнгөрсөн хугацаанд нэгдүгээрт хууль боловсруулах үйл явцыг олон талаар дэмжиж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлсэн байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд урт хугацаанд дэмжлэг үзүүлжээ. Хоёрдугаарт, улс орны дэвшилд голлох үүрэг гүйцэтгэдэг институцуудын хөгжлийг анхнаас нь өнөөг хүртэл дэмжиж ажиллалаа. Үүнд, АТГ, ХЭҮК, ОБЕГ зэрэг байгууллагыг нэрлэж болно. Үүнээс гадна Монгол Улсын иргэд, түүний дотор малчдад чиглэсэн үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлж ирлээ. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт бүхий өнөөгийн нөхцөлд малчид илүү тэсвэртэй, эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх үүднээс бид малчдыг дэмжиж ирсэн юм” гэлээ.

Мөн үеэр түншлэлийн цар хүрээ, улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг харуулсан “Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жил: Ололт амжилтын түүх ба ирээдүйн замнал” гэрэл зургийн номыг нээв.

Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 1976 онд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, урт хугацааны хөгжлийн түншлэлийн эхлэлийг албан ёсоор тавьсан юм.

Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэв


Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэв


Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэв

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн