Шүлхий, мялзан өвчний вакцин үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэв

БНХАУ-ын ӨМӨЗО малын шүлхий, мялзан өвчний вакцин үйлдвэрлэл болон мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, ноолуурын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна.

ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Ган энэ тухайгаа Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяртай уулзах үеэрээ илэрхийлжээ. Тэрбээр найрсаг, сайн хөрш Монгол Улстай бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнүүлснээр худалдааны эргэлт 9 хувиар нэмэгдэж, боловсрол, эрүүл мэндийн хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж буйг онцлоод, ӨМӨЗО-нд эдийн засгийн тусгай гурван бүсийг өнгөрсөн 4 дүгээр сард туршилтаар нээсэн нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмж, харилцаа, хамтын ажиллагааны агуулга улам бүр баяжиж байна гэлээ. Мөн Монгол Улстай боомтын хүчин чадлыг сайжруулах хүрээнд Замын-Үүд-Эрээний орох гарах гарцыг нэмж, хиймэл оюун ашиглах зэргээр жишиг боомт болгох талаар санал солилцжээ. 

Шадар сайд Н.Номтойбаяр “Хоёр улсын Төрийн тэргүүн нарын найрсаг харилцааны үр дүнд харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрснийг тодотгоод, хоёр орны бүхий л салбар дахь хамтын ажиллагаа улам бүр хөгжих боломжтой. Энэ хүрээнд БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөөнд уялдуулан хөгжлийн чиг баримжаагаа судалж, бодлого төлөвлөлтөө хийж байгаа”-г дурдав. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөрш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, баруун, зүүн төмөр замаар гурван улсын эдийн засгийн коридорыг бодит үр дүнд хүргэх нь чухал юм. Ингэснээр бүс нутаг, Төв Ази, Евроазийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллах боломжтой болно. Мөн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хөрөнгө оруулагчдыг дэмжих, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэх, үйлдвэрлэл явуулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулав.

Тэрбээр, Замын-Үүд-Эрээний эдийн засгийн тусгай бүсийг шинэ түвшинд хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үр дүн болгох сонирхолтой байгаагаа уламжлаад, эдийн засгийн тусгай бүсэд эм, малын вакцины үйлдвэрлэл, барилга, хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээ илэрхийллээ. 

ӨМӨЗО-ны Засгийн ордны тэргүүлэгч Бао Ган Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чухал асуудал гэдгийг тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн