ТОКИО, 2026 оны зургаадугаар сарын 15 /Kazinform/. Японд нөхөн үржихүйн туслах технологийн тусламжтайгаар олон ураг тээсэн тохиолдлын тоо 2023 онд 4354-т хүрч, түүхэн дээд үзүүлэлт болсныг саяхан хийсэн нэгэн судалгаа харуулжээ. Энэхүү дээд үзүүлэлт нь уг эмчилгээг улсын эрүүл мэндийн даатгалд хамруулж эхэлснээс яг жилийн дараа бүртгэгдсэн байна.
Олон ураг буюу ихэр хүүхэд тээсэн тохиолдлын тоо 2022 оныхоос 36 хувиар өсжээ. Судлаачдын тайлбарласнаар, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөх эмчилгээний тоо хязгаартай байдаг тул эмчилгээгээ тухайн хугацаанд багтаан үр дүнтэй дуусгахын тулд нэгэн зэрэг хэд хэдэн үр хөврөл шилжүүлэн суулгуулахыг сонгох хүний тоо нэмэгдсэн нь ийнхүү өсөхөд нөлөөлсөн байж магадгүй ажээ.
Хоёр болон гурван ихэр гэх зэрэг олон ураг тээх нь жирэмсэн эхчүүдэд илүү өндөр эрсдэл дагуулдаг ажээ. Тиймээс Японы Эх барих, эмэгтэйчүүдийн нийгэмлэгээс нэг удаад зөвхөн нэг үр хөврөл шилжүүлэн суулгахыг зарчмын хувьд зөвлөдөг байна. Үүнтэй холбоотойгоор олон ураг тээх жирэмслэлтийн түвшин буурч, 2014 оноос хойш 3 орчим хувьд тогтвортой хадгалагдаж байжээ.
Харин тус нийгэмлэгийн мэдээллийн санд хийсэн судалгаанаас үзэхэд, үр тогтоох эмчилгээг нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд өргөтгөн хамруулсны дараах жил буюу 2023 онд уг үзүүлэлт 3.8 хувь болж өссөн байна. Олон ураг тээсэн тохиолдлуудын ихэнх нь хоёр ихэр байсан бол гурван ихэр тээсэн 69, дөрвөн ихэр тээсэн зургаан тохиолдол тус тус бүртгэгджээ.