Монголын үндэсний олимпын хорооноос “Олон улсын олимпын өдөр”-ийг угтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Олимпын өдөр-Хамтдаа хөдөлцгөөе” өдөрлөг зохион байгуулах гэж байна.
1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпын наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байв. Тиймээс орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. Харин 1948 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар дугаар сарын 23-ныг “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэж иржээ. Энэхүү өдөр дэлхийн өнцөг булан бүрд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Тэгвэл Монголын үндэсний олимпын хорооноос “Олимпын өдөр-Хамтдаа хөдөлцгөөе” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ сарын 23-нд болох энэхүү өдөрлөгийг МҮОХ-ны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах бөгөөд хөгжөөн гүйлт, дугуйн тэмцээн, тамирчдын чөлөөт уулзалт, спорт холбоодын үзүүлэх тоглолт, спортын танилцуулга зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Олимпизмын үнэт зүйлс болох нөхөрлөл, хүндлэл, шилдэг чанарт тэмүүлэх үзлийг хамтдаа түгээж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой энэхүү үйл ажиллагаа энэ сарын 23-ны мягмар гарагийн 08:30-11:30 цагт болох аж.
Монголын үндэсний олимпын хороог 1956 онд байгуулж, 1962 онд Олон улсын олимпын хороонд гишүүнээр элссэн түүхтэй. ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн болсон монголчууд 1964 оноос анхлан “Инсбрук-1964” өвлийн олимп, “Токио-1964” зуны олимпын наадамд оролцож эхэлсэн. Өдгөөг хүртэл өвөл, зуны олимпын наадамд Монголын баг 30 удаа оролцохдоо хоёр алт, 12 мөнгө, 17 хүрэл медаль хүртжээ.