Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн “FIBA 3×3 Vienna Women’s Series” тэмцээн Австрийн Вена хотод болж өндөрлөлөө.
12 орны шилдэг 12 баг оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Амазонс” өрсөлдөж хоёрдугаарт байр эзлэв. О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нарын бүрэлдэхүүнтэй манай баг хэсгийн шатанд Испанийн “Мадрид”-д 18:21-ээр хожигдсон ч Украиныг 21:17-гоор буулган авчээ. Ингэснээр хасагдах шатанд хоёрдугаар байраар шалгарч, улмаар шөвгийн наймд Румыны “Бухарест”-ыг 21:15-аар, хагас шигшээд Францыг 17:12-оор хожжээ. Гэвч финалд хэсгийн шатанд тоглосон Испанийн “Мадрид”-тайгаа дахин таарахад 14:20-оор хожигдсоноор дэд байрт шалгарч, 10 мянган ам.долларын шагнал хүртлээ.
Венагийн дэлхийн гранприд хоёрдугаар байр эзэлсний дараа FIBA 3×3-аас чансааг шинэчлэхэд Монголын “Улаанбаатар Амазонс” баг нэгдүгээрт жагсаж эхэллээ. Ингэснээр Монголын баг мэргэжлийн баг анх удаа дэлхийн чансааг тэргүүлэх болов.
“Улаанбаатар Амазонс”-ын оролцох дараагийн тэмцээн нь манай улсад болох “FIBA 3×3 Ulaanbaatar Women’s Series” юм. Дараа нь долоодугаар сарын 4, 5-нд Хятадын Сяньтао хотын цувралд өрсөлдөхөөр төлөвлөжээ.






