Герман машин 12 жилийн дараа асаж, Курасаог бут ниргэв

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо хийлээ. 2014 онд дөрөв дэх удаагаа бөмбөрцгийн манлай баг болсоноосоо хойш тэд 2018 болон 2022 онуудад бүтэлгүйтэж, хэсгийн шатаа ч даваагүй. Тэгвэл энэ жил өнгөтэй, амжилтаар өлссөн харагдана.

Хэзээнээсээ өрсөлдөгч багаа олон гоолын зөрүүгээр хожиж, бут ниргэдэг герман машины энэ жилийн хохирогч нь Курасао байв. 158 мянган хүн амтай тус улс анх удаагаа дэлхийн аваргад оролцож, анхны гоолоо Германы эсрэг хийж, түүхээ бичлээ.

Тоглолтын тухайд эхний минутаас л германчууд довтолж, гоолын боломж үүсгэж эхэлсэн. Улмаар Нмеча гэх залуу тоглогч багийнхаа эхний гоолыг оруулжээ. Энэ жил 25 настай түүний хувьд Боруссиа Дортмундад тоглодог аж.

Түүний гоолоос удалгүй Курасао хариуг нь барьж, Комененсиа түүхэн гоолын эзэн болов. Тоглолтын тооны харьцаа тэнцэж, цэнгэлдэх нүргэлээд удаагүй байхад герман гоолын машин ажилдаа орж, зургаан гоол угсруулсан.

Герман машин 12 жилийн дараа асаж, Курасаог бут ниргэв

Ийнхүү Германы шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо эсрэг багаа 7-1 гэсэн харьцаатай хожиж, тэмцээнийг эрчтэй эхлүүлэв. Тэд 2014 онд Бразилыг талбай дээр нь мөн 7-1 гэсэн харьцаатай хожиж, хар толбо үлдээсэн билээ.

Тоглолтын дараа 40 настай Германы хаалгач Мануэль Нойер “Жаргалтай тоглолоо. Сэлгээнүүд маань ч тоглолтод эрч хүч авчирлаа. Манай багаас та бүхэн эв нэгдлийг харж болно. Хагас шигшээ шатны Бразил байгаагүй ч нээлтийн тоглолтын Курасао байлаа. Эхлэл чухал. Үүнтэй баяртай байна. Би 2010 онд Австралийн эсрэг дэлхийн аваргын анхны тоглолтоо хийж байснаа санаж байна. Анхны дэлхийн аварга шигээ л догдолж байна” гэжээ.

Герман машин 12 жилийн дараа асаж, Курасаог бут ниргэв

Курасаогийн дэлхийн аваргын анхны гоолыг оруулсан Ливано Комененсиа “Би энэ мөчийг хүүхэд байхаасаа л мөрөөдөж ирсэн. Би 5-6 настайдаа л хөлбөмбөг тоглож эхэлсэн. Мөрөөдөл минь биелэхийг харах сайхан байна” гэв.

Энэ хэсэгт Герман, Курасаогоос гадна Кот д’Ивуар болон Экуадорын шигшээ багууд бий.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн