Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэхээр ОБЕГ-аас “Усыг бүү бас” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ.
Энэ аян нь хүүхэд, залуус, олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө, бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” өртөөт аяллын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг багасгахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

“Усыг бүү бас” аян нь гурван сарын турш үргэлжлэхдээ эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлахыг иргэд, олон нийтэд уриалж байна.

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 2623 иргэн амиа алдсаны 516 нь хүүхэд байв. Амиа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усанд эндсэн нь маш том сургамж өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.
