Англи хэлний боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй ажлын үр дүнг танилцуулав

АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Япон, Солонгос, Монгол Улсын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Дэвид Вилозол болон албаны төлөөлөгчид МУИС-д байрлах Англи хэлний мэргэшлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 онд Монгол Улсад айлчлах үеэрээ “US-Mongolia English Initiative” хөтөлбөрийг санаачлан эхлүүлжээ. Уг санаачилгын хүрээнд Англи хэлний мэргэшлийн төвийг байгуулж, 2025 оноос үйл ажиллагааг нь эрчимжүүлэн явуулж эхэлсэн юм.

Тус төв нь МУИС-ийн номын санг түшиглэн байгуулж, сургалтын танхимуудыг АНУ-ын дэмжлэгтэй орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулжээ. Мөн бүх сургалт, хөтөлбөрөө үнэ төлбөргүй, нээлттэй зохион байгуулдгаараа онцлогтой. Англи хэлний мэргэшлийн төв нь төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн англи хэлний багш нарын эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадварыг сайжруулах, сургалтад орчин үеийн технологи нэвтрүүлэх, англи хэл болон хиймэл оюуны хосолсон ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн англи хэлний багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсронгуй болгох чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа юм.

2025-2026 оны хичээлийн жилд тус төвийн сургалт, үйл ажиллагаанд давхардсан тоогоор 2400-2500 орчим багш, оюутан хамрагдсан бол их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 150 орчим багш мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагджээ.

Англи хэлний боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй ажлын үр дүнг танилцуулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн