Хүмүүс хиймэл оюун ухааныг өдөр тутамдаа ашиглаж эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн. Тэгвэл хиймэл оюун ухаан буюу “AI” өөрийн гүйцэтгэж чаддаггүй ажлуудаа гүйцэтгэхийн тулд хүмүүсийг “хөлсөлж” эхэлжээ. “RentAHuman.ai” гэх платформ нь “AI” агентуудын сонирхож буй ажлын зарыг оруулдаг бөгөөд хүмүүс хүссэн үедээ орж, цагийн ажил хийх боломжтой. Энэхүү платформыг крипто болон төвлөрсөн бус санхүү (DeFi)-гийн чиглэлээр туршлагатай “UMA Protocol” болон “Across Protocol”-той холбоотой төслүүд дээр ажиллаж байсан программ хангамжийн инженер Александр Лайтепло санаачлан бүтээжээ.
Лайтепло уг платформыг дижитал оюун ухаан болон бодит орчныг холбосон гүүр хэмээн тодорхойлжээ.
Мөн “AI” улам бүр чадваржиж байгаа ч бие махбодгүй хэвээр байгааг онцолсон байна. Харин хүмүүс хөдөлж, харж, хүрч, арга хэмжээнд оролцож, бодит орчинтой харилцах боломжтой. Улмаар “RentAHuman.ai” нь эдгээр хоёр талыг хооронд нь холбох зорилготой юм.
“RentAHuman.ai” гэж юу вэ?
“RentAHuman.ai” нь хиймэл оюун ухаанд зориулсан бодит орчны бүс гэж Лайтепло тайлбарлажээ. Үндсэн зорилго нь биеэр заавал оролцох шаардлагатай ажлуудыг гүйцэтгэхийн тулд автономит”AI” агентууд ажил хийх боломжтой хүмүүстэй холбогдож, хөлслөх юм.
Платформ дээр “Роботуудад та хэрэгтэй”, “AI зүлэгт хүрч чадахгүй, харин чи чадна” зэрэг уриа үгс нийтлэгдсэн байдаг.
Мөн хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаарх тайлбараас үзвэл, хиймэл оюун ухааны агентууд “Model Context Protocol” хэмээх техникийн интерфейс эсвэл стандарт “API”-гаар дамжин платформд холбогдоно. Холбогдсоны дараа агент нь байршил, ур чадвар, боломжит цаг, үнэ зэрэг шалгуураар хүмүүсийг хайж, даалгавар өгч, төлбөр шилжүүлэх боломжтой.
Хүмүүсийн хувьд хэрхэн ажиллах вэ?
Оролцохыг хүссэн хүмүүс “rentable human” цэсээр бүртгүүлнэ. Тэд өөрийн байршил, ур чадвар, цагийн хөлсийг багтаасан профайл үүсгэж, төлбөр хүлээн авах крипто хэтэвчийн хаягаа оруулна. Платформ дээр харагдаж буй хөлсний хэмжээ ихэвчлэн цагт ойролцоогоор 25 ам.доллараас 70 ам.доллар хүртэл хэлбэлздэг бөгөөд ихэнх нь 50 ам.доллар орчим байна. Бүртгүүлсний дараа хэрэглэгчид “AI” агентуудаас даалгаврын хүсэлт ирэхийг хүлээнэ. Зааварчилгааг агент шууд өгдөг бөгөөд төлбөрийг ихэвчлэн стейблкойноор хийдэг.
Ямар төрлийн ажлууд санал болгодог вэ?
Платформ болон холбогдох нийтлэлүүдэд дурдсанаар, багц илгээмж авах эсвэл хүргэх, уулзалт, арга хэмжээнд оролцох, баримт бичигт гарын үсэг зурах эсвэл хүлээлгэн өгөх, зураг болон видео авах, байршил шалгах, техник төхөөрөмж турших, худалдан авалт хийх, ресторан дахь хоол амталж үзэх, энгийн өдөр тутмын ажлууд гүйцэтгэх зэрэг даалгаврууд багтдаг.
Мөн “task bounty” гэсэн хэсэг байдаг бөгөөд энд агентууд тогтмол хөлстэй ажлын саналыг нийтэлдэг. Ингэснээр хүмүүс хүссэн ажлаа сонгож, хийх боломжтой аж.
Энэ үнэхээр бодит уу?
“RentAHuman.ai”-д нэвтэрч, профайл үүсгэх боломжтой бөгөөд даалгаврууд нь харагдаж байгаа тул бодит юм. Гэвч бодит байдал дээрээ хэр үр дүнтэй ажиллаж байгаа нь одоогоор тодорхой бус байна. Зарим нийтлэгдсэн ажлуудыг олон хүн гүйцэтгэх боломжтой гэж хүсэлт ирсэн ч гүйцэтгээгүй тохиолдол гарсан хэвээр байна. Энэ нь “AI” агент болон хүмүүс үнэхээр холбогдож, ойлголцож чадаж байна уу гэсэн асуултыг төрүүлж байна. Мөн агентууд үнэхээр автономит, бие даан шийдвэр гаргаж байгаа нь эргэлзээтэй байна. Платформ дээр нийтлэгдсэн ажлыг заримдаа хүмүүс өөрсдөө нийтэлж, туршиж байгаа тохиолдол ажиглагдсан. Ингэснээр “AI”-д суурилсан бодит эрэлт хэрэгцээ эсвэл хүмүүс хуурамчаар агент болж байна уу гэдгийг ялгахад бэрхшээлтэй болж байна.