Төв Ази-Европыг холбосон тээврийн сүлжээг хөгжүүлэхэд Тажикстан, Туркменстан улстай хамтран ажиллана

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Тажикстан Улсын Тээврийн дэд сайд Шоиста Саидмуродзода, Бүгд Найрамдах Туркменистан Улсын Төмөр замын яамны орлогч сайд Чарыев Чарыберды Хезретгулыевич, тус улсын Сайд нарын танхимын тээвэр, логистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Гуванч Акмаммедов Язлыевичтай уулзаж, тээвэр, ложистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын төмөр замын салбарт идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, иргэний нисэх, төмөр зам, авто тээврийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, Евроазийн бүс нутгийг холбосон шинэ тээврийн урсгалыг бий болгох боломжийн тухай санал солилцсоныг ЗТЯ мэдээлэв.

Сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр Монгол Улс Төв Азийн орнуудтай тээврийн холболтоо нэмэх стратегийн сонирхолтой байгаагаа илэрхийлж, “Тээврийн салбарын хамтын ажиллагаа бол хоёр улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих суурь хүчин зүйл. Тиймээс Монгол Улс Төв Ази болон Зүүн Европын орнуудтай тээврийн шинэ коридор, холболтыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Төв Ази-Европыг холбосон тээврийн сүлжээг хөгжүүлэхэд Тажикстан, Туркменстан улстай хамтран ажиллана

Монгол Улс Төв Азийн орнуудтай сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн харилцаагаа эрчимтэй өргөжүүлж байгаагийн нэг томоохон чиглэл нь тээвэр, ложистикийн хамтын ажиллагаа гэдгийг талууд онцлов.

Энэ уулзалтаар сайд Б.Дэлгэрсайхан Монгол, Тажикистан улс хооронд агаарын болон авто тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, удахгүй “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулахаар бэлтгэж байгааг хэллээ. Мөн Туркменистантай “Дунд коридор”-ийн чиглэлд хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, олон улсын тээврийн маршрут буюу “Дунд коридор”-ын асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Түүнчлэн Тажикстаны Душанбе хотноо энэ сарын 11-12-нд болох “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага”-ын Сайд нарын зөвлөгөөний 53 дугаар чуулганд Монголын Төмөр замын газрын дарга Б.Артур оролцохыг танилцуулсан юм. Мөн төмөр замын салбарын хамтын ажиллагаа, бүс нутгийн тээврийн интеграц, шинэ төслүүдийг урагшлуулахыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг хэллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн