Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадогийн ойрын холбоотон Хуан Пабло Гуанипа Ням гаригт /2026.02.08/ шоронгоос суллагджээ. Гэвч суллагдаад хэдхэн цагийн дараа хулгайлагдсаныг Мариа Мачадо мэдэгдээд байна.
Венесуэлийн засгийн газар Ням гаригт улс төрийн хэргээр удаан хугацаанд хоригдсон сөрөг хүчний хэд хэдэн гишүүнийг сулласны нэг нь Хуан Пабло Гуанипа байв. Түүнийг нийслэл Каракас дахь гэрээс нь шөнө дунд хулгайлжээ. Мачадогийн “Х” хуудсандаа мэдээлснээр, Хуан Пабло Гуанипаг энгийн иргэн мэт хувцасласан боловч өвч бүрэн зэвсэглэсэн эрчүүд дөрвөн машинтай хүрч ирээд зэрлэг балмадаар авч явсан аж.
Улс төрийн хэргээр хоригдсон олон зуун идэвхтнийг суллах шаардлагыг ард иргэд түр ерөнхийлөгч Делси Родригезт хүргүүлсээр байгаа билээ. Түүний хувьд нэгдүгээр сарын 3-нд түр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авснаасаа хойш хоригдлуудыг сулласаар байна.
Үүний зэрэгцээ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын төлөөлөгчид саяхан Венесуэльд хүрэлцэн ирсэн учир тодорхой тооны хүмүүсийг сулласан нь энэ юм.
Хуан Пабло Гуанипа суллагдсаныхаа дараахан яриа өгөхдөө “Манай улс бүрэн өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна. Одоо чөлөөт, ардчилсан улсыг байгуулахад төвлөрөх нь зөвхөн биднээс л хамаарна” гэжээ. Тэрбээр найман сар гаруй хугацаанд хоригдсоны эцэст суллагджээ.
Хоригдлуудын эрхийг хамгаалдаг “Foro Penal”-ын мэдэгдсэнээр дор хаяж 30 хүн Ням гаригт суллагдсан байна. Тухайлбал, цэргийн тагнуулынханд баригдаж байхдаа үйл явцаа интернетээр шууд дамжуулж байсан Мариа Оропеза, Мачадогийн өмгөөлөгч Перкинс Роча нар суллагджээ.