74 настай хятад эмэгтэй Инзи цахим сүлжээнд хоёр сая гаруй дагагчтай. Тэрбээр өндөр өсгийттэй дуулж, бүжиглэж, өнгөлөг хувцасладаг, өөртөө итгэлтэй байдгаараа алдаршсан нэгэн. Түүнийг “охинлог эмээ” гэж нэрлэх нь ч бий. Түүний бичлэгүүд үзэлт хандалт нь хамгийн ихдээ 100 сая давж байв.
Инзи залуулаг төрх байдлынхаа нууцаас хуваалцахдаа “Та өөрийнхөө хэв маягийг олохоос бүх зүйл эхэлнэ. Үүнд залуусын сонирхдог хувцаснуудаас сонгож, охидын хамтлагаас эхлээд панк хэв маяг хүртэл янз бүрийн дүр төрхийг бүрдүүлэх хэрэгтэй” гэжээ.
Түүний өглөө үүрийн 05:00 цагт эхэлдэг. Тэрбээр өглөө бүр нэг цаг иогоор хичээллэдэг. Мөн гэдээ цадтал бус 70 хувьтай л дүүргэж идэхэд болно гэж тэр зөвлөж байна. Ингэхдээ эхлээд шөл, дараа нь нөгөө, уураг, гол хоолоо идэх аж.
Инзигийн хүү 45 настай. Тэрбээр хүүгээ төрүүлснээс хойш эмнэлэгт огт очоогүй бөгөөд хамгийн сүүлд 2024 онд яс нь хугарч л нэг удаа эмнэлгийг зорьжээ. Инзи эмнэлэгт очсон хойноо ч эмч нарыг тэсвэр тэвчээрээрээ гайхашруулжээ. Учир нь тэр алхахад дэмжлэг үзүүлдэг зориулалтын таяг ашиглахаас татгалзаж, шөнө бүр нэг цаг алхаж, дасгал хийдэг байв.
Инзи хүүхэд байхаасаа л гоо сайхныг шүтэн биширдэг байв. Гэсэн ч тэр мэргэжлийн загвар өмсөгч юм уу жүжигчнээр ажиллаж байсангүй. Харин ч залуудаа тэрбээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж, өгөөмөр нинжин сэтгэлээрээ гайхагддаг нэгэн байжээ. Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар 1980-аад онд Япон руу нүүсэн аж. Японд ирээд нэгэн ресторанд ажилд орсон нь тухайн газрын алдарших шалтгаан болсон гэдэг. Яагаад гэвэл тэр ресторанд нэгэн үзэсгэлэнтэй хятад бүсгүй байна гэдэг сургаар хүмүүс зорьж очих нь ихэссэн аж. Түүний үзэсгэлэнтэй дүр төрхийг Японы сэтгүүлд хүртэл онцолж байв.
Хожим нь Хятадад эргэн ирсэн хойноо буюу 70 насандаа тэрбээр Бээжингийн загварлаг эмээ нарын бүлгэм гэдэг бүлэгт элсэж, үйл ажиллагаанд нь оролцох болжээ. Тус бүлэг нь 65-аас дээш насны эмэгтэйчүүдийг элсүүлдэг бөгөөд өөртөө итгэлтэй байх, хөгшрөхгүй байх аргуудыг хүмүүст зааж, гудамжны шоу хүртэл үзүүлдэг.
Бээжингийн загварлаг эмээ нарын бүлгэмд нэгдсэнийхээ дараахан Инзи Шанхайн Диснейлэндийн загварын шоуны тайзнаа алхаж, бүх насныхаа мөрөөдлийг биелүүлжээ.
Тэрбээр “Нас бол хязгаарлалт биш, харин ч үнэт хөрөнгө” гэж хэлдэг. Мөн 120 нас хүртлээ үзэсгэлэнтэй сайхан байна гэдэгтээ итгэдэг.
