Мирра Андреева “Ролан Гаррос”-ын цомыг хүртлээ

ПАРИС, 2026 оны зургаадугаар сарын 7 /BBC/. Оросын теннисчин Мирра Андреева “Роланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Польшийн тамирчин Майя Хвалинскаг 6:3, 6:2 харьцаатайгаар хожжээ. Ингэснээр тэрбээр “Их Дуулга”-ын тэмцээнд анх удаа түрүүллээ. 

Кончита Мартинесийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг, өдгөө 19 настай М.Андреева нь “Их Дуулга”-ын тэмцээнд түрүүлсэн Оросын түүхэн дэх дөрөв дэх теннисчин болж байна. Түүнээс өмнө Анастасия Мыскина (Ролан Гаррос-2004), Светлана Кузнецова (US Open-2004, Ролан Гаррос-2009), Мария Шарапова (Ролан Гаррос-2012, 2014, Уимблдон-2004, US Open-2006, Australian Open-2008) нар энэхүү амжилтыг гаргаж байв.

Түүнчлэн 2014 онд Мария Шарапова түрүүлснээс хойш Оросын эмэгтэй теннисчин “Ролан Гаррос”-ын аваргын цомыг хүртсэн анхны тохиолдол болж байна.

М.Андреева хагас шигшээ тоглолтод Украины теннисчин Марта Костюкийг хоёр сетэд дараалан 6:1, 6:3 харьцаатайгаар хожиж, финалд шалгарчээ.

Мирра Андреева бол Оросын эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж буй тамирчин юм. Тэрбээр Эмэгтэйчүүдийн теннисний холбооны (WTA) ганцаарчилсан төрөл дэх дэлхийн чансааны наймдугаарт бичигдэж байна. М.Андреева мэргэжлийн теннисчний замналынхаа хугацаанд WTA-гийн тэмцээнүүдэд нийт найман удаа түрүүлээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн