Узбекистан анхны цөмийн станцаа барьж эхэллээ

Орос, Узбекистан улсууд Узбекистаны цөмийн цахилгаан станцын анхны эрчим хүчний блокийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн ёслол цахимаар болсон бөгөөд Олон улсын атомын энергийн агентлагийн захирал Рафаэль Гросси оролцжээ. Узбекистаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр энэхүү төсөл нь цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх суурийг тавьж байгаа аж.

Цөмийн цахилгаан станцыг Жизза дүүрэгт байгуулна. Энэхүү бүтээн байгуулалт нь жижиг хүчин чадлын болон том хүчин чадлын цөмийн цахилгаан станцуудыг нэг талбай дээр зэрэг барьж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой. “Uzatom” компанийн гүйцэтгэх захирал Азим Ахмедхаджаевын хэлснээр төслийн нийт өртөг 9.5 тэрбум ам.долларт хүрэх ажээ.

Цөмийн цахилгаан станцын бүтээн байгуулалтад зориулан Орос улсаас Узбекистанд экспортын хөнгөлөлттэй зээл олгох юм. Мөн станц ашиглалтад орсны дараа жил бүр ойролцоогоор 17 тэрбум киловатт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Узбекистаны нийт эрчим хүчний хэрэглээний 15 хүртэлх хувийг хангах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн