АНУ коммунист хөршдөө дарамт шахалт үзүүлэх зорилгоор Кубын ерөнхийлөгч болон түүний ойрын гэр бүлийн зарим гишүүн, мөн кастро гэр бүлийн гишүүдэд эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авахаа зарлав. Уг хоригт албан ёсны албан тушаал хашихаа больсон ч арлын ирээдүйн талаарх шийдвэр гаргах гол хүн хэвээр байгаа ерөнхийлөгч асан Рауль Кастрогийн хүү болон ач хүү багтжээ.
АНУ-ын Сангийн яам Пүрэв гаригт (2026.06.04) шинэ хоригийн талаар танилцуулсан бөгөөд Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел, түүний эхнэр, хойд хүү болон хувьсгалт зэвсэгт хүчний яам, бусад хэд хэдэн байгууллага мөн адил багтсан байна. АНУ Кубад хэдэн арван жилийн турш хориг арга хэмжээ авч ирсэн. Гэхдээ Трамп засаг захиргаа сүүлийн саруудад дарамтыг эрс нэмэгдүүлж, эзлэх талаар ил тод ярьж байна. Мөн түлшний хориг тавьсан нь арлын эрчим хүчний хямралыг улам гүнзгийрүүл, аль хэдийн эмзэг байсан эдийн засагт хүчтэй цохилт өгсөн.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “X” дээр нийтлэхдээ “Кубын хорлон сүйтгэх, радикал үйл ажиллагааг явуулах боломжийг олгож, санхүүжүүлдэг сүлжээг онилж байна” гэж мэдэгджээ. Учир нь АНУ хортой, муу ‘хувьсгал’-аа бусад газарт экспортлохыг хичээдэг “радикал Марксист дэглэмүүд”-ийг цаашид тэвчихгүй болно гэж тайлбарласан байна.
Рубио мөн шинэ хориг арга хэмжээ нь Кубын хувьсгалт зэвсэгт хүчний яам, Кубын Ард түмэнтэй найрамдах хүрээлэн, Амистур Куба, хувьсгалыг хамгаалах хороодод үйлчилнэ гэж онцолжээ. “Эдгээр хориг арга хэмжээнд хамрагдсан хүмүүст үйлчилгээ үзүүлж буй хэн бүхэн өөрсдөө хориг арга хэмжээнд өртөх эрсдэлтэй” гэж анхааруулсан байна.