Хөл бөмбөгийн ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолт: Францын шигшээ хожигдож, испаничууд тэнцжээ

ПАРИС, 2026 оны зургаадугаар сарын 5 /TASS/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) өмнөх шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд үргэлжилж байна. Түүхэндээ анх удаа 48 орны шигшээ багууд оролцох энэ удаагийн ДАШТ эхлэхэд долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. 

Францын шигшээ Кот д’Ивуарын багтай тоглож хожигдлоо

Францын шигшээ Кот-д’Ивуарын багтай нутагтаа хийсэн нөхөрсөг тоглолтод 2:1-ийн харьцаатай хожигджээ. Тоглолтын эхний гоолыг Францын багаас Райан Шерки (45 дахь минут) оруулсан ч Кот-д’Ивуарын шигшээгээс Гела Дуэ (53 дахь минут), Амад Диалло (84 дэх минут) нар гоолдсоноор багтаа хожил авчирчээ.

Францын шигшээ ДАШТ-ий хэсгийн шатанд Сенегал, Ирак, Норвегийн багуудтай тоглоно. Харин ивуарчууд Эквадор, Герман, Кюрасаогийн багуудтай нэг хэсэгт таарсан байна.

Испани, Иракийн багууд тэнцэв

ДАШТ-д оролцох өөр нэг хүчирхэг баг болох Испанийн шигшээ өөрийн талбайд Иракийн багийг хүлээн авч, 1:1-ийн харьцаатайгаар тэнцжээ.

Талбайн эзэн багаас Ферран Торрес (16 дахь минут) тоглолтын салхийг хагалсан бол зочин багийн зүүн жигүүрийн хамгаалагч Мерчас Доски (27 дахь минут) хариу гоол оруулж, тэнцүүлсэн байна.

Испаничууд хэсгийн шатанд Кабо-Верде, Саудын Араб, Уругвайн багуудтай өрсөлдөнө. Харин Иракийн шигшээ баг Норвеги, Франц, Сенегалын багуудтай нэг хэсэгт багтжээ.

Шведийн шигшээ баг мөн нутагтаа Грекийн багтай нөхөрсөг тоглолт хийж, 2:2-оор тэнцсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн