АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энх тайвны зөвлөл” анхны уулзалтаа хоёрдугаар сарын 19-нд хийхээр товлоод байна. Уулзалтын хүрээнд Газад гал зогсоох дараагийн үе шат болон сүйдсэн нутгийг дахин сэргээхэд шаардлагатай хөрөнгө босгох асуудлыг хэлэлцэнэ. Трамп уг төлөвлөгөөг өнгөрсөн сард Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр танилцуулсан. Зөвлөлийн анхны гишүүдэд Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Египет, Катар, Бахрейн, Пакистан, Турк, Унгар, Марокко, Косово, Албани, Болгар, Аргентин, Парагвай, Казахстан, Монгол, Узбекистан, Индонез, Вьетнам зэрэг улсууд багтаж буй.
Гэсэн хэдий ч АНУ-ын ойрын холбоотон олон улс уг зөвлөлд нэгдэхээс татгалзсан. Учир нь энэ нь НҮБ-ын үүргийг сулруулж магадгүй гэж болгоомжилсон бөгөөд зарим мэдээллээр эхний нэг жилийн дотор 1 тэрбум ам.доллар хандивласан улс байнгын гишүүн болно гэсэн нөхцөл тавигдсан аж. Монгол Улсын хувьд 1 тэрбум ам.долларын хандив өргөх шаардлагагүй гэх мэдээлэл бий.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энх тайвны зөвлөлд 1 тэрбум ам.доллар хандивлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Гэхдээ хандивлахын тулд Байдены засаг захиргааны үед АНУ-д царцаагдсан Оросын хөрөнгийг суллах шаардлагатай гэж мэдэгджээ.
Энэхүү зөвлөлийг Дональд Трамп өөрөө даргална. Харин “Гүйцэтгэх зөвлөл”-д түүний хүргэн Жаред Кушнер, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ойрх Дорнодын тусгай элч Стив Уиткофф, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэр, Дэлхийн банкны бүлгийн ерөнхийлөгч Ажай Банга, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт Габриел, мөн АНУ-ын томоохон хувийн хөрөнгө оруулалтын компанийн нэг болох “Apollo Global Management”-ийн гүйцэтгэх захирал Марк Роуэн нар багтах юм.
ГАЗЫН ДАХИН СЭРГЭЭН БОСГОЛТ
“Axios” агентлагийн мэдээлснээр, уг зөвлөлийн анхны уулзалт Энх тайвны институтэд зохион байгуулагдах бөгөөд Газын дахин сэргээн босголтод зориулсан хөрөнгө босгох асуудлыг голлон хэлэлцэнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Трампын даргалсан зөвлөлд Газад байгуулсан гал зогсоох хэлэлцээний хэрэгжилтийг хянах, засаглал болон дахин сэргээн босголтын ажлыг зохион байгуулах эрхийг олгосон байна. Улмаар Энх тайвны зөвлөл гал зогсоох хэлэлцээ урьд хожид байгаагүйгээр ганхаж байгаа үед хуралдах гэж байна.
Газын зурвас дахь сүүлийн үеийн нөхцөл байдлыг дурдвал, Израилийн хоёрдугаар сарын 4-нд Газад хийсэн агаарын цохилтын улмаас наад зах нь 24 палестин хүн амь үрэгдсэн. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж “Associated Press” мэдээлжээ. Израиль улс уг цохилтыг цэргүүд рүү нь халдсан, нэг цэргийг хүнд шархдуулсан зэвсэгт халдлагад хариу болгож хийсэн хэмээн мэдэгдсэн байна. Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2025 оны аравдугаар сарын 10-нд Трампын зуучлалаар,Турк, Катар, Египетийн оролцоотойгоор байгуулсан гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Израилийн цохилтын улмаас 550 гаруй палестин хүн амиа алдсан байна. Мөн Израилийн цэргүүд Хамас зэвсгээ хураах хүртэл Газын зурвасаас бүрэн гарч явахгүй гэж Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгджээ.
НЕТАНЬЯХУ АНУ-Д АЙЛЧИЛНА
Израилийн албаныхны мэдээлснээр, ерөнхий сайд Беньямин Нетаньяху хоёрдугаар сарын 18-нд буюу төлөвлөгдөж буй анхны уулзалтын өмнөх өдөр Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар товложээ. Гэхдээ Израилийн тал уг уулзалт голчлон Ираны асуудалд төвлөрнө гэж онцолсон байна.Хэрэв Нетаньяху Энх тайвны зөвлөлийн уулзалтад оролцвол, энэ нь Газын дайн эхэлснээс хойш түүний Арабын удирдагчидтай хийж буй анхны уулзалт болно.
Энх тайвны зөвлөлийн анхны уулзалтад ямар гишүүд оролцох нь тодорхойгүй байгаа. Гэхдээ Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Бямба гаригт (2026.02.07) Сомбатхей хотод болсон сонгуулийн арга хэмжээний үеэр өөрийгөө оролцоно гэж мэдэгджээ. Энэхүү уулзалт мөн Трамп Гренландыг нэгтгэх талаар удаа дараа сүрдүүлсэн явдлаас болж, түүний Европын холбоотнуудтайгаа харилцах харилцаа суларсан энэ үед болох гэж байна. Гэсэн ч Орбан бол Европ дахь Трампын хамгийн ойрын холбоотнуудын нэг юм. 14 жилийн турш Унгарыг удирдаж буй Орбан нь Трампын адил цагаачлалын эсрэг хатуу байр суурийг баримталдаг билээ.