Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакулыг энэ сарын 4-нд хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав.
Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Тайландын уламжлалт харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны механизмуудыг идэвхжүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.
Элчин сайд Чатчай Вирияавэжакул Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа дурдаж, Тайланд, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.