Улаанбаатар хотод өчигдөр эхэлсэн “Улаанбаатар опен-2026” тэмцээний эхний өдрийн медальтнууд тодорлоо.
Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн долоон жингийн барилдаан болсноос манай тамирчид хоёр жинд нь медаль хүртэж, шагналын тавцанд гарлаа. Тодруулбал, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер М.Даваанбанди мөнгөн медаль хүртэв. Тэрбээр финалд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ираны тамирчин Паям Фарзад Ахмадид оноогоор цэвэр ялагдсан юм. М.Даваабандийн хувьд, “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр дахь жилээ дараалан медаль гардсан нь энэ. Тэр өнгөрсөн жил хүрэл медаль гардаж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан медалийн өнгөө хувиргалаа.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Ганхуяг Венесуэлийн бөх Хуан Диаз Бланког даралтаар цэвэр ялснаар “Улаанбаатар опен” тэмцээнээ хоёр жил дараалан хүрэл медаль хүртэв. Түүний жинд Энэтхэгийн тамирчин Нитеш түрүүлсэн байна.
Өнөөдөр сонгомолын 60, 63, 130 кг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 59, 72 кг-ын жингийн барилдаан болон “Улаанбаатар опен-2026” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа болно.



