ПЁНЬЯН, 2026 оны зургаадугаар сарын 4 /KSNA/. БНАСАУ сүүлийн таван жилийн хугацаанд цөмийн зэвсэг бүтээхэд ашиглаж болох материалын үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлсэн гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ.
Тэрбээр энэ мэдэгдлийг цөмийн материалын шинэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хийсэн тухай тус улсын төрийн мэдээллийн KCNA агентлаг өнөөдөр мэдээлжээ. KCNA-гийн мэдээлснээр, Ким Жөн Ун мөн цэргийн цөмийн хүчин чадлыг өргөн хүрээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. “БНАСАУ цөмийн хүчнийхээ хүчин чадлыг хурдацтай өсгөх зорилготой томоохон төлөвлөгөөг баталсан” хэмээн тэрбээр мэдэгджээ.
ОУАЭХА-ийн үнэлгээ ба хориг арга хэмжээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭХА) мэдэгдэхдээ, БНАСАУ цөмийн зэвсэг бүтээх хүчин чадлаа “ихээхэн өргөжүүлсэн” гэсэн юм. Тус агентлагийн мэдээлснээр, Пёньянд хэдэн арван цөмийн цэнэгт хошуу байгаа аж. Тус улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрийнхөө улмаас олон улсын хатуу хориг арга хэмжээнд өртөөд байгаа юм.
БНАСАУ-ын эрх баригчид цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм. Цөмийн зэвсэг нь АНУ болон Өмнөд Солонгос зэрэг тус улсын холбоотнуудаас учирч болзошгүй цэргийн аюулыг тогтоон барихад зайлшгүй шаардлагатай гэж мэдэгджээ.
Тус улс 2009 оноос хойш ОУАЭХА-ийн шинжээчдийг цөмийн байгууламжууддаа нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд цөмийн зэвсгийн анхны туршилтаа 2006 онд хийсэн юм.