ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 4 /new-science/. 1998 оны хоёрдугаар сараас хойш хамгийн алс хол аялсан сансрын хөлөгт тооцогдож байгаа, НАСА-гийн “Вояжер-1” зонд дараагийн гайхалтай хязгаарт ойртож байна. Тодруулбал, ойролцоогоор 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус аппарат Дэлхийгээс яг нэг гэрлийн өдрийн зайд очих ажээ.
Гэрлийн өдөр гэдэг нь гэрэл вакуум орчинд 24 цагийн хугацаанд туулах зай юм. Энэ үед тасралтгүй аялсаар буй “Вояжер-1” аппарат Дэлхийгээсээ ойролцоогоор 25.9 тэрбум км-ийн алсад хүрсэн байх болно.
“Вояжер-1” нь одоогоор “Ophiuchus” ордны чиглэлд цагт 61 мянга орчим км хурдтайгаар нисэж байгаа ажээ. НАСА-гийн тооцоолсноор, уг аппарат 40 272 онд одоо “Camelopardalis” ордод байрлаж буй “Глизе 445” хэмээх бүдэг улаан одой одын хажуугаар 1.7 гэрлийн жилийн зайтай өнгөрөх гэнэ. Хүн төрөлхтний тухай мэдээллийг бичсэн алдарт “Алтан пянз”-ыг тээсэн “Вояжер-1” аппарат нь ихэр “Вояжер-2”-ын хамт 1977 онд сансарт аяллаа эхлүүлсэн юм.
“Вояжер-1”-ийг 1979 оны есдүгээр сард хөөргөсөн бөгөөд 1979 онд Бархасбадь гаргийн хажуугаар, 1980 оны сүүлчээр Санчир гаргийн хажуугаар нисэн өнгөрсөн юм. Бархасбадь гаргийн таталцлын хүчийг ашиглан хурд авах маневр хийх явцад уг аппарат аварга хийн гаргийг болон түүний дөрвөн дагуул болох Ио, Европа, Ганимед, Каллисто гаргуудыг судалж чаджээ. “Вояжер” аппаратуудын цуглуулсан өгөгдлөөр Ио дагуул дээр идэвхтэй галт уулс оршдог, Европа дагуулын гадаргад мөс байгааг, мөн Бархасбадь гараг нарийхан цагаригийн системтэй болохыг тогтоосон байна. Харин Санчир гаргийн хажуугаар өнгөрөхдөө “Вояжер-1” урьд өмнө мэдэгдээгүй байсан таван дагуулыг нээж, Санчирын цагаригийн систем нь нарийн бүтэцтэй болохыг харуулжээ. Мөн тус гаргийн дагуул болох Титан нь азотоос бүрдсэн өтгөн, мананцарлаг агаар мандлаар бүрхэгдсэн болохыг тогтоосон байна.
Алс холын одод руу хийж буй аяллынхаа замд уг аппарат олон амжилт тогтоогоод байгаа билээ. 2004 онд “Вояжер-1” нарны салхи од хоорондын орон зайн даралтын улмаас саарч эхэлдэг “терминацийн цохилтын долгион”-д хүрсэн бол 2012 оны наймдугаар сарын 25-нд гелиопауз буюу нарны салхи болон соронзон орны нөлөө давамгайлдаг нарны аймгийг хүрээлсэн аварга бүрхүүлийг хөндлөн гарчээ. Гелиопауз нь од хоорондын орчинтой харьцуулахад Нарны нөлөөлөл эрс сулардаг бүс ажээ.
Гэвч “Вояжер-1” Нарны аймгийн жинхэнэ “зах хязгаарт” хараахан хүрээгүй байна. Гелиопаузаас хамаагүй алсад Нартай таталцлын хүчээр холбогдсон, тоологдошгүй олон мөсөн биетүүдээс бүрдэх “Оортын үүл” оршдог. Уг аппарат энэ үүлэнд хараахан хүрээгүй байгаа бөгөөд дахин 300 орчим жил аялах шаардлагатай. Тэгсэн ч гэсэн энэ бүсийг бүрэн туулж, Нарны аймгаас жинхэнэ утгаараа гарахын тулд дахиад 30 000 жил хэрэгтэй.
Уг аппарат од хоорондын орон зайн ионжсон хий дотор тасралтгүй чичрэн нүргэлэх чимээг илрүүлсэн тухай НАСА-гийн эрдэмтэд 2018 оны 12 дугаар сард мэдэгдсэн юм. Хэдийгээр аппарат гелиопаузаас алс хол байгаа боловч 2020 онд соронзон орны талбай хачирхалтайгаар тэлж байгааг бүртгэсэн бөгөөд энэ нь Нарны соронзон идэвхжил заримдаа гелиопаузыг тэлдэг байж болохыг илтгэж байж магадгүй гэж эрдэмтэд үзжээ.
“Вояжер-1” аппарат эрчим хүчээ “Плутони-238”-ын цацраг идэвхт задралаас үүсэх дулаанаас авдаг. Цөмийн түлш цаг хугацааны явцад задардаг тул одоо үйлдвэрлэж буй хүчин чадал нь хөөргөх үеийн хагас орчим хувьтай тэнцэж байгаа ажээ.
Эрчим хүчийг нь хэмнэхийн тулд олон төхөөрөмжийг нь унтраажээ. “Вояжер-1”-ийн камерууд хамгийн сүүлчийн зургаа 1990 онд авсан бөгөөд Наранд хэт ойрхон байсан Буд гаргаас бусад Нарны аймгийн бүх гаргийг багтаасан зургийг буулгасан байна. Одоог хүртэл ажиллаж, тэжээлээр хангагдсаар байгаа багаж хэрэгслүүд нь магнитометр, электроны нягтыг хэмжигч болон бага энергийн бөөмсийг хэмжих төхөөрөмжүүд ажээ. Эдгээр нь оддын хоорондын орчныг судлахад хамгийн чухал шаардлагатай багажууд юм.
Эцэст нь нэг л өдөр “Вояжер-1”-тэй холбоо тасрах болно. Түүний антенныг Дэлхий рүү чиглүүлж байдаг чиг баримжааны хөдөлгүүрүүд хэзээ нэгэн цагт ажиллахаа болино. 2036 он гэхэд уг аппарат хэтэрхий холдох тул НАСА-гийн антеннууд сул дохиог нь барьж чадахаа болих аж. Үүний дараа “Вояжер-1” сансар огторгуйд ганцаар үлдэж, Сүүн замын дагуу олон зууны турш тэнүүчлэх болно.
2026 оны 11 дүгээр сард Дэлхийгээс нэг гэрлийн өдрийн зайд хүрэх үедээ “Вояжер-1” Дэлхий, Далай ван гараг хоорондох зайнаас 5.6 дахин хол зайд байх ажээ. Энэ бол санаанд багтамгүй хол зай боловч 48 жил үргэлжилж буй аяллынхаа хугацаанд энэхүү зайд хүрэхийн тулд Наранд хамгийн ойр орших “Проксима Центавр” од хүртэлх зайны ердөө 0.0027 хувийг л туулна гэж бодохоор бүр ч гайхалтай.
“Вояжер-1”-ийг өнөө үед эртнийх гэмээр, харин 1970-аад оны үед хамгийн шилдэг технологиор бүтээжээ. Түүний гурван компьютерын санах ой нь нийлээд ердөө 68 килобайт бөгөөд процессорууд нь ердөө 250 кГц давтамжид ажилладаг. Зонд руу илгээж байгаа командууд секундэд дөнгөж 16 битийн хурдтай очдог бол Дэлхий рүү илгээж буй шинжлэх ухааны өгөгдлүүд секундэд 160 битийн хурдтай ирдэг ажээ. Энэ нь орчин үеийн ердийн гэрийн интернэтийн хурднаас даруй хагас сая дахин удаан гэсэн үг юм.
Хэт хол зай болон “Вояжер”-ын ашиглалтын хугацаа холбоо тогтооход маш том сорилт болдог байна. 2023 оны сүүлчээр уг аппарат Дэлхий рүү ямар ч утгагүй өгөгдлүүдийг илгээж эхэлжээ. НАСА-гийн инженерүүд асуудлыг оношилж, засахын тулд таван сарын хугацаа зарцуулсан бөгөөд шалтгаан нь ердөө л ажиллагаагүй болсон санах ойн чип байсанд гайхах зүйл алга билээ.