Оросын зарим бүс нутагт шатахууны хязгаарлалт тогтоожээ

Москва болон Оросын хойд бүс нутгийн зарим шатахуун түгээх станц жолооч тус бүрийн авах шатахууны хэмжээнд хязгаар тогтоож эхэллээ. Энэ нь Украины дроны халдлага Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг олон сарын турш онилсны улмаас хэрэгжиж байна. Томоохон шатахуун түгээх компаниуд болох Лукойл болон Газпромын мэдээлснээр, нэг үйлчлүүлэгч 100-150 литр шатахуун авах хязгаар тогтоосон аж.

Зарим бусад сүлжээ станцууд илүү хатуу арга хэмжээ авч, нэг удаад 20–60 литрээс илүү шатахуун худалдахгүй болсон байна.

Үүнтэй төстэй хязгаарлалтууд Санкт-Петербург, Карелийн Бүгд Найрамдах Улс болон бусад бүс нутагт мөн хэрэгжиж эхэлжээ. Зарим жолооч шатахуун түгээх станцуудад урт дараалал үүссэн талаар мэдээлсэн байна. Калининград мужид бензиний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд литр тутамд бараг дөрвөн рублиэр өсөөд байна. Харин Москва болон бусад бүсэд үнэ харьцангуй бага хэмжээгээр нэмэгджээ.

Оросын хяналтад байгаа Крымийн хойгт хамгийн хатуу хязгаарлалт хэрэгжиж байгаа бөгөөд шатахууны ваучер болон худалдан авах дээд хэмжээг тогтоосон байна.

Сүүлийн үед Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон түлшний терминалууд руу дроны довтолгоогоо эрчимжүүлсэн. “Reuters” агентлагийн мэдээлснээр, эдгээр халдлагын улмаас Оросын нийт газрын тос боловсруулах хүчин чадлын дөрөвний нэг орчим, бензин үйлдвэрлэлийн 30 гаруй хувь нь доголдолтой ажиллаж байгаа аж.

Зарим бүс нутагт бензиний үйлдвэрлэл буурсан ч дотоодын шатахууны зах зээл тогтвортой, нөхцөл байдал хяналтад байгаа гэж Оросын албаныхан мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд Орос улс зарим улсад шатахуун экспортлохоо долоодугаар сарын 31 хүртэл зогсоосон. Мөн газрын тосны байгууламжуудыг хамгаалах агаарын довтолгооноос хамгаалах системийн зардлыг санхүүжүүлэх зорилгоор шатахуун, дизель түлш болон онгоцны түлшний үнийг литр тутамд 1.5 рублиэр нэмэх асуудлыг тус улсын эрх баригчид хэлэлцэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн