Нью Делигийн хүн ам ихтэй хорооллын барилгад гал гарсны улмаас 21 хүн нас барж, хэд хэдэн хүн гэмтэж бэртжээ. Гал түймэр Лхагва гаригт /2026.06.03/ хотын өмнөд хэсэгт орших Малвия Нагарийн нэг давхарт нь ресторан, дээд давхарт нь зочид буудал байрладаг барилгад гарсан.
Тухайн орон сууцны хороололд төрөл бүрийн дэлгүүр, хоолны газар, жижиг зочид буудлаар дүүрэн байдаг аж.
Дели хотын цагдаагийн газрын мэдээлснээр, галыг найман гал унтраах машины тусламжтайгаар хяналтандаа авч, 40 гаруй хүнийг аварч, ойролцоох эмнэлэгт хүргэсэн. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байна. Газар дээрээс нь шууд авсан зургуудад барилгаас өтгөн хар утаа олгойдож байсан бөгөөд дотор нь гацсан хүмүүс цонхноос цээжин биеэ гарган, тусламж дуудаж байгаа нь харагдана.

Орон нутгийн иргэд яаралтай тусламжийн ажиллагаанд нэгдсэн бөгөөд дотор нь гацсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусалж, түргэн тусламж ирэхээс өмнө шархадсан зарим хүмүүсийг аюулгүй газар аваачжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хохирогчдын зарим нь Энэтхэгт эмчилгээ хийлгэхээр ирсэн гадаадын иргэд байжээ.
Нью Дели бол эмнэлгийн аялал жуулчлалын томоохон төв бөгөөд олон хүн гадаадаас ирж эмчилгээ хийлгэх үеэрээ эмнэлэгтэйгээ ойр хямд зочид буудал, түрээсийн байранд байрладаг. Галыг хяналтад авсны дараахан тус улсын ерөнхий сайд Нарендра Моди “X” дээрх постондоо нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.










Амиа алдагсдын ар гэрийнхэн тус бүр 200 мянган рупи буюу 2,088 ам.долларын санхүүгийн тусламж авах болно гэж тэрбээр мөн мэдэгджээ. Энэтхэгт гал түймэр гарах нь түгээмэл бөгөөд барилгын болон аюулгүй байдлын дүрэм, журмын хэрэгжилт ихэвчлэн муу байдаг. Нарийн шат, бөглөрсөн гарц, эвдэрсэн цахилгааны утас, хуучин болон арилжааны зориулалтаар ашиглагдаж байсан барилгуудын галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж дутмаг байдал нь Нью Дели зэрэг хүн ам ихтэй хот суурин газруудад үхлийн аюултай ослуудыг байнга үүсгэдэг.