Онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Манай улс Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Энэ талаар болон ОБЕГ-т хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзах үеэрээ ярилцсаныг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв. 

Шадар сайд Н.Номтойбаяр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдэл нэвтрүүлэх ажлаа танилцуулав. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаагаа дурдаж, үүнд салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг багасгах тогтолцоог бэхжүүлэх өөрчлөлтийг тусгахаар зорьж буйгаа онцолжээ.

Онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Мөн Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж байгаагаа ч тодотголоо. 

Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийг танилцуулж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах, ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр ч үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн